Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүгүй, гурав хүртэлх сарын тэтгэврийн урьдчилгаа бүтээгдэхүүн гаргах талаар арилжааны банкуудтай ярилцана"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/219329242572299/

ХНХ-ын сайд С.Чинзориг "Нийгмийн даатгалын газрын дарга болон удирдлагуудыг хорьж саатуулсан, түүнтэй намайг холбон ярьж, захиалгат гүтгэлгийг тарааж байна. ХНХ-ын сайдын хувьд би албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгож байгаагүй. Түүнийгээ ч хэлж байсан. 

Хүлээцтэй хандаж ирсэн боловч сүүлийн үед эрчимжиж, намайг онц ноцтой хэрэгт гүтгэж байна. Өчигдөр нэгэн фейсбүүк хаягаас С.Чинзориг нарыг яллагдагчаар татах болжээ гэх мэдээллийг тарааж байгаа тул энэ асуудал цэг тавих нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс өнөөдөр АТГ-д өөрийгөө шалгуулахыг хүссэн өргөдөл өгч байна.

Мөн хувь хүн болон манай байгууллагын нэр хүндэд халдсан тул Улсын Ерөнхий прокурорт хандан намайг яллагдагчаар татсан эсэх тухай албан мэдээллийг гаргаж өгөхийг хүсэж байгаа. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгуулахаар хандсан тул хариуцлагыг нь хүлээлгэх байх. Өчигдрийн тэрхүү мэдээллийг 1,500 гаруй хүн хуваалцсан байсан. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газарт хандаж байна. Гүтгэлэг тараасан нэр бүхий хаягийг бодит уу, хуурамч хаяг уу гэдгийг тогтоолгоно" хэмээв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр мэдээлэл хийсний дараагаар асуултад хариуллаа.

-Тэтгэврийн зээлийг өчигдрөөс олгож эхэллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед тэтгэврийн зээл олгож, банканд оочер дараалал үүсгэж байгаа нь шийдвэрийнхээ эсрэг арга хэмжээ юм биш үү. Яагаад Цагаан сарын дараа олгож болоогүй вэ?

-Эсрэг арга хэмжээ авсан гэж бодохгүй байгаа. Уг нь зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийн нэлээд хожуу гаргая гэж бодсон боловч ахмадуудаас надад, манай яам болон Засгийн газарт тэтгэврийг зээлийг олгож эхлэх тухай санал гомдол нэлээд ирүүлсэн. Тиймээс өчигдрөөс олгож эхлээд байна. Ахмадууд амны хаалтаа зүүгээд, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авч үйлчлүүлэх ёстой. Маргаашаас амралтын өдрүүд эхлэх тул өнөөдөр тэтгэврийн зээл олгоод дуусах болов уу гэж бодож байна.

Нийт тэтгэвэр авагчдын 95 хувь нь Төрийн банк болон ХААН Банкаар авч байгаа тул ачаалалтай байна байх. Нөхцөл нь хэвээрээ байгаа. 1.4 хувийн хүүтэй. 

Хүүг бууруулах санал иргэдээс их ирж байсан ч энэ бол арилжааны банкны бүтээгдэхүүн тул байж болох хамгийн доод хэмжээгээр нь байлгах нь зүйтэй гэж харилцан ярилцсан.

Монголбанкны ерөнхийлөгч хүүгүй, гурван сарын урьдчилгаа тэтгэврийн бүтээгдэхүүн гаргаж болно гэж ярьсан. Энэ талаар арилжааны банкуудтай ярилцаж, ойлголтоо нэгтгээгүй байна. Цагаан сарын дараагаар хүүгүй, тодорхой хэмжээний хураамжтай, гурав хүртэлх сарын тэтгэврийн урьдчилгаа бүтээгдэхүүнийг бий болгох талаар арилжааны банкуудтайгаа ярилцана. 

-Капитал банкнаас Нийгмийн даатгалын сангийн мөнгийг авч чадахгүйд хүрлээ гэх мэдээлэл гараад байгаа?

-Эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төсвийн хөрөнгөтэй адилтгаж, өр барагдуулах дараалалд хойгуур байрлуулсан. Энэ асуудалд бид маргаан үүсгэж, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өчигдөр шүүх хурал нь болох байсан ч эрх хүлээн авагчаас тайлбар, лавлагаа авах шаардлагатай гэж үзэн хойшлуулсан.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулдаг тул нь иргэдийн хадгаламжтай адилтган үзэж, өр барагдуулах дарааллыг урагшлуулах хүсэлт тавьсан. Удахгүй шийдэгдэнэ байх.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.