Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймагт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянхонгор аймагт бага насны хоёр хүүхэд галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, хоёрдугаар сарын 20-н буюу өчигдөр 15:11 цагт онцгой байдлын албанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт 1 настай эмэгтэй, 4 настай эмэгтэй У нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Иймд иргэд та бүхнийг болзошгүй аюулаас сэргийлэн, үр хүүхдэдээ аюулгүй орчныг бүрдүүлэхийг зөвлөж байна.

Мөн өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай өөр дөрвөн дуудлага онцгой байдлын албанд иржээ.

  1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 12:21 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
     
  2. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжинд иргэн С-ийн 10×5 метрийн хэмжээтэй байшин шатаж гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 20:55 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
     
  3. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитын 26 дугаар гудамжинд иргэн Н-ийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн 2.5×8 метрийн хэмжээтэй өргөтгөл шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:18 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
     
  4. Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн Бат-Уул хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 03:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 03:59 цагт очиж 25 минут ажиллаж унтрааж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн.