Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна

МОНСУДАР
2020 оны 2 сарын 21
Монсудар
Зураг зураг

“Монголын нууц товчоон” бол монголчуудын үнэт өв юм. Тиймээс хүүхэд залуусыг заавал унших, мэдэх ёстой гэдэг. Харамсалтай нь эх зохиол нь уншихад тун хэцүү үг хэллэгтэй тул хүүхдүүд залхах, ойлгохгүйгээр шууд цээжлэх хандлагатай байдаг шүү дээ. Иймд  хүүхдийн үг хэллэгээр бичигдсэн, хүүхдийн сонирхолд нийцсэн хялбаршуулсан хувилбарыг (товчлол, хураангуйлал биш) ийнхүү уншигчдад хүргэхэд бэлэн боллоо.

Бид энэхүү номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцсоны үндсэн дээр хэдийгээр дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдсан. Тэр ч утгаараа бид энэхүү номоо: 

1-рт, хүүхдийн дур сонирхолд нийцүүлэхийг, 

2-рт, Чингис хааны хийсэн олон дайн тулааныг чухалчлах бус, хувь хүнийхээ хувьд эрхэмлэж асан үнэт чанар, итгэл үнэмшил нь юу байсныг өгүүлэхийг, 

3-рт, тэр үеийн монголчуудын өв соёлын утга учрыг тодотгохыг хичээнгүйлэн хүсэж ажиллалаа. 

Тухайлбал, тууль, домог зэрэг ардын аман зохиолын нийтлэг дүрслэлийг аль болох оруулснаас гадна монголчуудын нүүхдээ бууриа цэвэрлэдгийн учир, анд барилдах ёсны тухай гэх мэтээр үйл явдал, ёс заншил бүрийн утга учрыг тайлж тайлбарлахыг зорьсон юм. Эх зохиол, түүний судалгаа шинжилгээний олон арван ном товхимлыг хэдэнтээ нягталж үзсэн ч тодорхойгүй зүйлс байсан учир эх зохиолын чиг шугамаас хэт хазайлгүйгээр,  уран зохиолын арга хэрэглүүрээр нөхвөрлөхийг хичээлээ. 

Эцэст нь хэлэхэд хамгаална, хайрлана гэсэн нэрийдлээр ардын гэсэн болгоноо хав дарж тахин шүтэх, хэлбэрдэх бус бүтээлчээр хандан, цаг үетэйгээ нийцүүлэн амьдруулах хэрэгцээ шаардлага урган гарч байна. Тогтоол ус өмхийрдөг гэдэг үг ч бий. 

Сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн энэхүү номыг маань эхлээд хүүхэдтэйгээ хамтдаа уншиж үзэхийг эрхэм аав ээж та нараас хүсье. Хүүхэд аав ээжтэйгээ л хамт ном унших дуртай байдаг учраас хүүхдийнхээ хэрхэн хүлээн авч байгааг болон эрэлт хэрэгцээнд нь нийцэж буй эсэхийг бидэнд уламжилбал туйлаас баярлах болно. Энэхүү бүтээл хүүхэд залуусыг ёс уламжлалаа сонирхон судлах, цаашлаад “Монголын нууц товчоон” төдийгүй ардын тодотголтой зохиол бүтээлийг эх хувиар нь унших хүсэл тэмүүлэлд хөтлөг ээ.