Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Энэ жил Монгол Улс 100 МВт батарей хуримтлууртай том станцтай болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрчим хүчний яамнаас 2019 онд тус салбарт хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2020 хийгдэх ажлын төлөвлөгөөгөө өнөөдөр танилцуулсан юм.

2020 оныг "Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх" жил болгон зарлаж буйтай холбоотойгоор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Өнгөрсөн 20 жилийн хугацаанд сонгуулиар инженер техникийн ажилчдаа солих болон мэргэжлийн бус хүн тавих зүйл гарсан нь системийн хэмжээнд хөгжил удаашрах, бодлого буруу явах үндсэн шалтгаан болсон. Тиймээс цаашид алдаа гаргахгүй байхын тулд бодлогын баримт бичиг, дүрэм журам гаргаж өгнө.

Эрчим хүчгүйгээр ямар нэг салбарыг хөгжүүлэхэд хүндрэлтэй. Хамгийн гол суурь болсон дэд бүтцийг бид хамгийн сайн хөгжүүлэх ёстой. Энэ хүрээнд эхлээд ухаалаг систем бий болгох, инженер техникийн ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлд анхаарна" хэмээн хэлсэн юм.

Мөн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-2020 онд Хүний нөөцийг хөгжүүлнэ гэлээ. Одоогоор эрчим хүчний салбарын хүний нөөц ямар байгаа юм бэ?

- Хүний нөөц тооны хувьд хэтэрхий данхайсан байна. Өнөөдөр 100-200 хүн ажиллах станц дээр 600-1,000 хүн ажиллаж байгааг өөрчлөх хэрэгтэй.

Ингэхийн тулд иж бүрэн автоматжуулсан систем буюу орчин үеийн өндөр технологи оруулж ирэх шаардлагатай байна.

Өндөр технологи оруулж ирэхэд түүний ашиглах хүн нь бэлэн байх хэрэгтэй учраас бид инженер техникийн ажилчдаа бэлтгэхээр төлөвлөсөн.

Нөгөө талаар гадаадад олон зүйл сурч мэдсэн монгол залуус эх орондоо ирж ажиллаж чадахгүй байна. Өндөр хэмжээнд өөрийгөө хөгжүүлсэн тэдгээр залууст энэ салбарт ажиллах боломж олгоё гэж үзэж байгаа юм.

Мэргэжлийн бус хүн эрчим хүчний салбарт хэр их ажиллаж байна вэ?

- Удирдлагын түвшинд мэргэжлийн бус хүн ажиллаж байсныг бид нэлээд өөрчилсөн.

Импортын эрчим хүчийг бууруулах тал дээр ямар ажил хийгдэх вэ?

- Манай улс нийт эрчим хүчнийхээ 19 хувийг импортоор авч байна. Гол хэрэглээ нь Оюутолгойд ашиглагдаж байгаа.

Тиймээс жил орчмын өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай станц барих тухай гэрээг бид байгуулсан. Гэвч үнэнийг хэлэхэд хөрөнгө оруулагчид маань элдэв шалтаг тоочсоор одоог хүртэл олигтой зүйл хийгээгүй.

ТЭЗҮ нь ч гараагүй, зөвхөн саналууд л ирсэн. Тэд аль болох зайлсхийж, бидний хэзээ ч хүлээж авахааргүй саналуудыг тавьж байна.

Тухайлбал, дэлхийн зах зээл дээр хамгийн орчин үеийн бүрэн хэмжээгээр автоматчилагдсан эрчим хүчний станцын нэг мегаватт нь нэг сая еврогийн үнэтэй. Харин хөрөнгө оруулагчид маань түүнээс гурав дахин их үнээр станц барих санал тавьж байна. Тийм саналыг бид хүлээж авах боломжгүй.

Эрчим хүчний салбар хэдий хэр хэмжээний алдагдалд хүрсэн байгаа бол?

- Үнэ тарифын асуудлаас болж эрчим хүчний систем хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлээ хийж чадахгүй байгааг нуухгүй.

2018 онд 23 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Харин өнгөрсөн жилийн хувьд урьдчилсан гүйцэтгэлээс харахад 11 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна.

Өөрөөр хэлбэл бид гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байдалд хүрсэн. Техник шинэчлэлээ хийхээр үнээ нэмэх гэхээр эсэргүүцэх хүн олон.

Өнгөрсөн жил цахилгааны үнэд бага зэрэг өөрчлөлт орсон нь зөвхөн нар, салхины станцтай холбоотой.

Өнгөрсөн онд цахилгааны үнийг нэмсэн асуудал нь иргэдэд дарамт учруулж байна. Та энэ тал дээр ямар байр суурьай байна вэ?

 - Үнэ тарифын асуудлыг хуулийн дагуу 2012 оноос Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг болсон.

Үнийн асуудалд бидний зүгээс бага зэрэг гомдолтой байдаг. Учир нь бид хөрөнгө оруулалт хийх хэмжээний үнээр эрчим хүчээ борлуулж чадахгүй байна.

Өнөөдөр зарим айл өрхүүд гэр бүлийнхээ нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямд төлбөрийг эрчим хүчинд төлж байгаа.

Гэтэл суурь болсон эрчим хүч нь өнөөдөр нурахаар байдалд байна.

Бид одоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ нь бид энэ жил өөрсдийн орлогоор шинэчлэлт хөрөнгө оруулалт хийж чадахгүй гэсэн үг.

Мөн авч байгаа сэлбэг болон хэрэглэж байгаа түүхий эдийн үнэ нь зах зээлээ дагаад өсчихсөн. Бид шинэчлэл хийж чадахгүй байгаа учраас л ухаалаг системтэй болгож, үйл ажиллагааныхаа зардлыг багасгах чиглэлд анхаарч байгаа хэрэг.

Өнөөдөр Монголд нарны эрчим хүчний үнэ дэлхийн зах зээлийн нэг киловатт эрчим хүчний үнээс дөрөв дахин, салхиных хоёр дахин өндөр үнэтэй байна. Үүнийг бууруулах ёстой. Ийм бизнесийн тогтолцоог бий болгочхоод өмнө нь нар, салхины маш олон лиценз олгосон байсан.

Үүнийг цэгцлэхийн тулд өнгөрсөн хавар бид хамгийн бага үнийн санал тавьсан хүнд л станц барихаар болгож Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Энэ жил л Монголд анх удаа 100 мегаваттын батарей хуримтлууртай том станц бий болно.

- Алдагдалгүй ажиллахын тулд юу хийх хэрэгтэй юм бэ?

- Нэг талаас эрчим хүчний зарцуулалтын оновчтой болгох чиглэл рүү явах ёстой нөгөө талаар зах зээлийн зарчмын дагуу үнэ тарифын хөдөлгөөнийг зохицуулах хороо хийх ёстой.

Манайд дулаан үйлдвэрлэдэг онцлогтой. Гэхдээ гаднын улсад 100 мегаваттын станц дээр нэг хүн ажиллаж болоод байхад манайд яагаад 400 хүн ажиллах ёстой вэ. Алдагдалгүй ажиллахын тулд иж бүрэн автоматжисан станц бий болгох нь зөв.

- Оюутолгойн эрчим хүчний зарцуулалт энэ маягаараа явсаар байх хэрэг үү?

Бид Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай импортын эрчим хүчийг багасгах асуудлаар байнгын санал солилцож байгаа. Уг нь 2019 онд Монголоос эрчим хүч авахаар гэрээ байгуулсан ч аваагүй.

Нуулгүй хэлэхэд манай хөрөнгө оруулагчид гэрээний заалтаа зөрчсөөр байна.

Эрчим хүчний нүүрс олборлолт нэгдүгээр сарын байдлаар багассан дүнтэй ажиглагдаж байна. Энэ тал дээр та тайлбар хэлэхгүй юу?

- Эрчим хүчний нүүрс олборлолтын хувьд уул уурхайн компаниуд өөрсдөө хүнд байгаа. Энэ нь эрчим хүчний үнэ тарифтай холбоотой.

Бид эрчим хүчний үнийг барьчихсан учраас уурхайдаа мөнгөө төлж чадахгүй байгаа. Уурхайд бид мөнгөө төлж чадахгүй болоод ирэхээр уурхай засвар үйлчилгээгээ хийх боломжгүй болоод байна.

Үнийн асуудал дээр бид маш анхааралтай хандах хэрэгтэй. Үнийг ингэж барьснаар эрчим хүчний систем уурхайтайгаа хамт маш хүнд байдалд орсон.

-Хийн хоолойн асуудлаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Бид ОХУ-тай ажлын хэсгээ байгуулсан бөгөөд хоёр улсын дэд сайд нар ахалсан ажлын хэсэг баримт мэдээллээ цуглуулах ажилдаа орсон байна.

Харин БНХАУ-д хүсэлтээ тавьсан байна. Энэ нь шинэ коронавирусийн асуудлаас болж бага зэрэг хүндрэлтэй байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.