Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: 2020 оныг Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх жил болгон зарлаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрчим хүчний яамнаас 2019 онд тус салбарт хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2020 хийгдэх ажлын төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа.

Эрчим хүчний сайдын тушаалаар 2019 оныг "Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласан бол 2020 оныг "Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх" жил болгон зарлаж байгаа аж.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “2020 оныг Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх жил болгон зарлаж байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээ ухаалаг системтэй бий болгох зорилттойгоо холбоотой. Учир нь ухаалаг системийг хөгжүүлэхийн тулд боловсон хүчнийхээ асуудлыг шийдэх ёстой.

Ухаалаг системийг бий болгосноор бид эрчим хүчний системийг найдвартай, тогтвортой, бие даасан болгох суурь ажлууд хийгдэх юм.

2019 онд тус зорилтот жилийн хүрээнд хийсэн хамгийн гол ажил нь найдвартай, тогтворжилттой ажиллагааг хангах WAMS системийг нэгдсэн сүлжээнд нэвтрүүлсэн явдал юм.

Өмөн нь аваар гарахад тодорхой арга хэмжээ авдаг автомат системтэй байсан. Харин одоо ухаалаг систем бий болсноор осол гарахыг урьдчилан тооцоолж арга хэмжээ авч болохоор болж, найдвартай ажиллагаа бүрэн хангагдана гэсэн үг.

Түүнчлэн ухаалаг систем бий болсноор хэмнэлт, үр ашиг бий болно.

Тухайлбал, гаднын өндөр хөгжилтэй улс оронд томоохон цахилгаан станцад ганцхан хүн ажиллаж байхад манайд 500-600 хүн ажиллаж байна. Учир нь тэд өндөр хөгжилтэй автоматжуулалт ашиглаж байна.

Бид өнгөрсөн онд эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батлахдаа үүний суурийг тавьсан. Харин одоо бий болгосон энэ сууриа хөгжүүлэх инженер техникийн ажилчдаа бэлдэх хэрэгтэй болж байна. Тиймээс 2020 оныг инженер техникийн ажилтнуудаа сургах, ажлын байрны орчныг сайжруулах чиглэлд нэлээд ажил хийхээр төлөвлөсөн.

Үр ашигтай тогтолцоог бий болгохын тулд иж бүрэн автоматжсан системтэй болох хэрэгтэй. Ингэснээр 1,000 хүн ажилладаг станцад 200-300 хүн ажилладаг болно. Зарим дэд станц автоматаар үйл ажиллагаа нь хянагддаг байдал руу шилжинэ. Бусад улс оронд ч тийм байгаа” гэв.

Мөн тэрбээр “Энэ жил хүний нөөцийн бодлогын баримт бичиг болон Эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг боловсруулан батлуулж,энэ салбарт аль болох мэргэжлийн хүн ажиллуулахыг зорьж байна” хэмээн онцолсон юм.

Эрчим хүчний салбарт “Өргөн хүрээт хяналт удирдлагын систем” болох “WAMS (Wide Area Monitoring System)” системийг нэгдсэн сүлжээнд амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлжээ. Энэхүү систем нэвтэрснээр Эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа дээшилж, гэмтэл саатлын тоог 20-30 хувиар бууруулах, үйл ажиллагааны зардлыг 10 хувиар бууруулах, мөн системийн хүчдэлийн огцом бууралт үүсэх эрсдлийг 15-35 хувиар бууруулах боломжтой аж.

"Үр ашиг дээшлүүлэх" зорилтын хүрээнд хийсэн томоохон ажлууд:

  • Эрчим хүчний салбарт шинээр “ДАТА ТӨВ” байгуулах төслийн ажлын судалгаа тооцоог хийсэн байна.
  • Эрчим хүчний салбарт ашиглагдах “Ухаалаг тоолуурын стандарт, техникийн тодорхойлолт”-ыг баталжээ.

“Түгээх сүлжээ, хэрэглэгчийн түвшинд нэвтрүүлэх" зорилтын хүрээнд хийсэн томоохон ажлууд:

  • Улаанбаатар дулааны сүлжээ зуны их засварын ажлын хүрээнд нийт 675 дулааны тоолуурыг баталгаажуулсан бөгөөд нийт 90 хэрэглэгчид дулааны тоолуур суурилуулжээ.
  • Хэрэглэгчийн түвшинд нэвтрүүлэх Ухаалаг тоолуур, тоолуурын системийн стандартыг боловсруулж, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ болон Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээнд Дэлхийн банкны санхүүжилтээр нийлүүлэх 80 мянган ухаалаг тоолуур, тоолуурын системийн төслийн ажил эхэлсэн.
  • УБЦТС ТӨХК нь 2,876 ширхэг ухаалаг тоолуурыг ХАЦ тооцдог 6 кВ, 10 кВ-ын тр-рын дэд өртөөнүүдэд суурилуулж, тооцоог нарийвчлалтайгаар хийх, хэрэглэсэн эрчим хүч болон хэрэглээний даацыг өндөр нарийвчлалтай гаргах, ачааллын хэмжээг хугацааны нарийвчлалтайгаар тооцож, тоног төхөөрөмжүүдийн гэмтэл саатлаас 30 хувиар урьдчилан сэргийлэх боломжтой болсон аж.