Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Diamond Princess” хөлөг дээр хэрэгжүүлсэн арга хэмжээг Японы мэргэжилтэн хатуу шүүмжилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Diamond Princess” хөлөг дээр хөл хорионы дэглэм тогтоохдоо засгийн газар нь алдаа гаргаж, коронавирусийн тархалтыг улам эрчимжүүлсэн гэж үзэж байгаагаа Японы халдварт өвчин судлалын мэргэжилтэн мэдэгджээ.

Тус хөлгийн зорчигчид, ажилтнууд дундаас өчигдөр 79 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоог 621 болгосон байна.

Кобэ их сургуулийн судлаач Кентаро Ивата хөлөг дээр сайн дураар бүтэн өдөр ажилласныхаа дараа өөрийн үзэж харсан зүйлсийн талаар ярьсан бичлэгээ YouTube сүлжээнд байрлуулсан юм.

“Халдварт өвчин, тахлын үед ажиллах горим тус хөлөг дээр огт хэрэгжээгүй байна. Хөлөг дээр халдварт өвчний ганц ч мэргэжлийн хүн алга. Энэ бүх алдааны хариуцлагыг албан тушаалтнууд үүрэх ёстой” гэж тэр англи, япон хэлээр мэдэгджээ.

Тахлын үед “ногоон” болон “улаан” бүс үүсгэж, халдвартай болон эрүүл хүмүүсийг тусгаарлах ёстой боловч “Diamond Princess” хөлөг дээр энэ нь огт хэрэгжээгүйгээс вирус тархах таатай нөхцлийг бүрдүүлсэн гэж Ивата шүүмжилсэн байна.

Тэрээр өөрийн саналыг хөлөг дээр ажиллаж байгаа албаныханд хэлсэн ч удалгүй хөөгдөж буусан тухайгаа ярьжээ.

Мэргэжлийн хүнийхээ хувьд энэ талаар чимээгүй өнгөрч болохгүй, анхааруулах үүрэгтэй гэж үзсэн тул видео бичлэгийг олон нийтэд тарааснаа тэр бас хэлсэн юм.

Видео мэдэгдэл тарсны дараа Японы засгийн газрын төлөөлөгч Ёшихиде Суга эрх баригчдын авсан арга хэмжээг зөв, оновчтой байсан гэж мэдэгдээд Иватaгийн шүүмжлэлийг үгүйсгэжээ.

Хоёрдугаар сарын 3-ны өдөр Йокохамагийн боомтод ирсэн 3,700 хүнтэй аяллын хөлөг дээр 14 хоногийн хөл хорионы дэглэм тогтоосон нь өчигдөр дуусч, шинжилгээний хариу нь сөрөг гарсан зорчигчдыг буулгаж эхэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.