Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

ОНХС-ийн цахим санал асуулга 2020.03.01-2020.04.01-ний хооронд явагдана

ikon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN

Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах нь үр дүнтэй, хүртээмжтэй, тогтвортой хөгжилд хүрэх гол шинэчлэл гэж үзэж, энэ хүрээнд олон ажлыг шат дараатай хийж, хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг томоохон үр дүнтэй ажил нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн орон нутгийн хөгжлийн сан юм. Харин өнөөдөр орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа, хэрэгжилт нь УЛААНБААТАР хотод иргэдийн оролцоотой хот төлөвлөлт гэх ойлголтыг тодорхойлж байна.

Орон нутгийн хөгжлийн сан нь Засгийн газраас орон нутгийг хөгжүүлэх зорилгоор өгч буй шилжүүлэг бөгөөд зарцуулалт нь иргэдийн оролцоонд тулгуурлан, амьдарч буй орчинд нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой сан юм. Тус сангийн эх үүсвэр нь дотоодын нэмэгдсэн өртөгийн албан татвар, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. 

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 2013-2019 онд нийт 1 их наяд 8 тэрбум төгрөгийн хөрөнгө хуваарилжээ. Харин 2020 онд улсын хэмжээнд 188 тэрбум төгрөг хуваарилсан байна.

Орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төлөвлөлт, төслийн үнэлгээ эрэмбэлэлт, хэрэгжилт болон худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн үндсэн 5 үе шатыг хамран зохион байгуулагддаг. Үе шат бүрд иргэд оролцох, мэдээллээр хангагдах, хяналт шинжилгээ хийх боломж бий. 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг жил бүрийн 1-ээс 5 дугаар сард багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2018 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран ухаалаг утасны SmartUB аппликейшнийг хөгжүүлж иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд саналаа цахим хэлбэрээр өгөх боломжтой болсон.

 

Нийслэлээс SmartUB аппликейшнийг ашиглан 2018, 2019 онуудад сонгогдсон дүүрэг хороодод туршилтын цахим санал асуулгыг амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд 2019 онд Нийслэлийн 6 дүүргийн 42 хорооны 76,330 иргэн цахимаар саналаа өгсөн юм.  Иргэдийн ирүүлсэн саналыг эрэмбэлэхэд камержуулалт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг ажлуудад түлхүү саналаа өгсөн бөгөөд  үүнээс иргэд аюулгүй гэрэлтэй орчинд амьдарч, оршин суухыг хүсч байгааг харж болно. 

Энэ жилийн хувьд НЗДТГ-аас 2021 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын цахим санал асуулгыг Нийслэлийн 9 дүүргийн 173 хороонд SmartUb аппликейшнг ашиглан явуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Санал асуулга 2020 оны 03 сарын 01-ээс 2020 оны 04 сарын 01-ний хооронд явагдана. 

Дэлхийн олон хотууд иргэдийн оролцоогүй төлөвлөлт хийж, хөгжих гэж үзсэн нь урт хугацаандаа тогтворгүй, иргэдийн хүссэн зүйлийг хүргэж чаддаггүй, үр ашиггүй болох нь харагдаж байна. Тиймээс бид хот төлөвлөлтөндөө иргэдийнхээ оролцоог хангаж, иргэдээ оролцуулах нь хамгийн эхний чухал алхам юм. Гэхдээ энэ нь иргэн та нэг удаа саналаа өгөөд орхих биш цаашдаа төр, иргэний хамтын ажиллагаа, эргэх холбоог улам сайжруулж, саналаа хэлэхээс гадна үйл явцад нь оролцох, хянах, урт хугацаанд байнгын хамтран ажиллах нь чухал юм. 

Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа, энэхүү санал авах механизм нь илүү хөгжсөнөөр тухайн нутаг дэвсгэрт зөв төлөвлөлт хийх боломж бүрдэхээс гадна цаашлаад иргэдийн оролцоотой улсын болон нийслэлийн төсвийг бодитой, үр дүнтэй гаргах үндэс, суурь судалгаа, өгөгдөл нь болох юм.

 

Эх сурвалж: Цэгц медиа групп