Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Гамшиг үүссэн тохиолдолд 1,465 улсын байцаагчийг дайчлан ажиллуулахаар бэлэн байдлыг хангасан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
 
Mpa.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ коронавирусийн эрсдлээс сэргийлэхээр хийж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн тохиолдолд 1,465 улсын байцаагчийг дайчлахаар бэлэн байдлыг хангаад байна"

 
Mpa.mn

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд "БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвар дэлхийн олон орон бүртгэгдэж ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарласан.

2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Улсын хилийн боомтуудад хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зорчигсдын эрүүл мэндэд хяналт тавьж сэжигтэй тохиолдлуудыг илрүүлж эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 138 сэжигтэй тохиолдол илрүүлж, Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж тусгаарлах арга хэмжээ авхуулсан.

Мөн Мэргэжлийн хяналтын газар бусад байгууллагатай хамтран нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээг таван удаа хийсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд 21 аймагт улсын хэмжээнд хяналт шалгалт хийж байна.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдэрийн дагуу хоёрдугаар сарын 12-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал, тусгай горимоор системийн хэмжээнд шилжин ажиллаж эхэлсэн.

Энэхүү арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд 2,200 мэргэжлийн хяналтын алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн.

Түүнчлэн халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн үед хилийн боомт болон шаардлагатай газруудад дайчлан ажиллуулах улсын байцаагчдын нэрийг гарган, МХЕГ-ын даргын тушаалаар үүрэгжүүлсэн.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг үүссэн тохиолдолд 1,465 улсын байцаагчийг дайчлан ажиллуулахаар бэлэн байдлыг хангаад байна" гэлээ.

Мөн тэрбээр "Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хот хоорондын 569 автобусанд цэвэрлэгээ халдваргүйтэл хийсэн. Мөн 229 шашны байгууллагад хурал зохион байгуулахгүй байх мэдэгдэл хүргэсэн. Цагаан сарын үеэр шашны байгууллагын хурал номд оролцохгүй байх, Ерөнхийлөгчийн зарлигийг дагахыг зөвлөж байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулахаар үзлэг шалгалтыг хийхэд бэлэн байдал хангагдаагүй 24 эмнэлэгт албан шаардлага хүргэн ажиллалаа.

Түүнээс гадна 1,735 үйлчилгээний газарт хяналт хийхэд 54 хувь нь үйлчлүүлэгчдээ бие засах болон гар угаах нөхцөлийг бүрдүүлжээ. Үлдсэн 46 хувьд зөрчлөө арилгах зөвлөмж өгсөн.

Хэдийгээр одоогийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон ч энэ хугацаанд олон хоног үйл ажиллагаа явуулахгүй бол эрүүл ахуйн нөхцөл шаардлага хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрсдэл үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын байгууллагуудад зөвлөмж өгөөд байна.

Цагаан сарын үеэр дулаан цахилгаан, ариутгалын системийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр дэд бүтцийн хяналт хийгдэж байна” гэдгийг нэмж хэлсэн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.