Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Diamond Princess” хөлгийн хөл хорионы хугацаа дуусч, зорчигчдоо эрэгт буулгаж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Йокохама хотын боомтод саатуулагдсан “Diamond Princess” аяллын хөлөг дээр тогтоосон 14 хоногийн хөл хорионы дэглэм өнөөдөр дуусч байна.

Одоо хөлөг дээр байрлаж байгаа 3,000 орчим хүнийг хамгийн түргэндээ гурван өдрийн хугацаанд буулгаж дуусахаар Японы засгийн газар төлөвлөжээ.

Эхний ээлжинд Covid-19 вирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан 500 өндөр настныг түрүүлж хөлгөөс буулгах юм байна. “Diamond Princess” хөлөг дээр анх дэлхийн 50 гаруй улсын харьяат зорчигч, ажилтан нийлээд 3,700 орчим хүн байсан юм.

Өчигдрийн байдлаар тэдний дундаас 542 хүн шинэ коронавирусийн халдвартай нь тогтоогдоод байна.

АНУ хамгийн түрүүнд өөрийн 340 орчим иргэнийг тусгай үүргийн нисэх онгоцоор нүүлгэн шилжүүлсэн юм. Тэдгээрийн дундаас халдвартай 14 хүн илэрсэн байна.

Өмнөд Солонгос улс өчигдөр хөлөг дээр байсан өөрийн таван иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. “Diamond Princess” хөлөг дээрээс илэрсэн тохиолдлуудтай нийлээд Японд нийт 610 коронавирусийн халдвар бүртгэгдээд байна.

 

Эх сурвалж: Kyodo News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.