Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хафтарын арми Ливийн боомтод ирсэн Туркийн ачааны хөлгийг бөмбөгдсөнөө зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ливи улсын газар нутгийн үлэмж хэсгийг захирч байгаа фельдмаршал Халифа Хафтарын арми өчигдөр нийслэл Триполи хотын боомтод ирсэн Туркийн ачааны хөлгийг бөмбөгдсөн тухайгаа зарлажээ.

Тус хөлөгт НҮБ-ын дэмжлэгтэй байгуулагдсан Ливийн засгийн газарт туслахаар Туркийн засгийн газрын илгээсэн зэр зэвсгийг ачсан байсан гэнэ.

Туркийн хөлөг галт зэвсэг хилээр нэвтрүүлэхгүй байх хоригийг зөрчсөн тул цохилт өгснөө Хафтарын удирддаг Ливийн Үндэсний Армийн төлөөлөгч Аль Арабия сувагт мэдээлжээ.

2011 онд Муаммар Каддафигийн дэглэм унасны дараа Ливи улс хоёр хэсэгт хуваагдаад байгаа. Тус улсын баруун хэсэгт НҮБ-ын дэмжлэгтэй Триполийн засгийн газар төвлөрч байгаа бол зүүн хэсгийг фельдмаршал Халифа Хафтарын арми захирч байна.

Хафтарын арми сүүлийн үед баруун зүгт довтолж, нийслэл Триполи хотыг эзлэхээр эрчимтэй дайтаж байгаа. Турк улс Триполид төвтэй Ливийн албан  ёсны засгийн газрыг дэмжиж байгаа юм.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган эхэндээ Ливид цэрэг оруулж, Хафтарын армид “хичээл” заана гэж мэдэгдэж байв. Харин сүүлд энэ санаагаа орхиж, цэргийн зөвлөхүүдээ илгээхээр болсон юм.

Ливийн талуудыг эвлэрүүлэн зуучлах, гал зогсоохын төлөө дэлхийн том гүрнүүд хүч тавин ажиллаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Өнгөрсөн сард Германы нийслэл Берлин хотод Ливийн дайтагч талууд болон зуучлагч гүрнүүдийн уулзалт зохион байгуулагдаж, гал зогсоох гэрээг байгуулсан юм. Гэвч Ливид гэрээний хэрэгжилт хангалтгүй, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна.

 

Эх сурвалж: Russia Today