Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс коронавирусийн халдварыг эмчлэхэд ДОХ-ын эмийг туршиж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн халдвартай өвчтөнийг эмчлэхэд ДОХ-ын эмийг туршиж үзэхээр болсноо Япон улсын засгийн газар өнөөдөр мэдээлжээ.

“Одоогоор клиникийн туршилтын бэлтгэл ажил явагдаж байгаа ба ойрын үед туршилт эхэлнэ” гэж Японы засгийн газрын төлөөлөгч Ёшихиде Суга өнөөдөр Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Япон улсад шинэ коронавирусийн халдвартай хүний тоо өнөөдрийн байдлаар 520 хүрээд байгаа ба үүнээс 454 нь “Diamond Princess” аяллын хөлгийн зорчигчид байгаа юм.

Энэхүү вирусийн халдвараар тус улсад нэг хүн нас бараад байна.

ДОХ-ын эмчилгээнд ашигладаг эмнүүдийг шинэ коронавирусийн эсрэг ашиглах боломжтой тухай орон орны анагаах ухааны мэргэжилтнүүд ярьж байгаа.

Энэ сарын эхээр Тайландын эмч нар ДОХ-ын эмийг ханиад томууны эмтэй хослуулан хэрэглэх замаар халдвартай хүнийг бүрэн эмчилсэн тухайгаа зарлаж байв.

Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн эмнэлгүүд мөн халдвартай хүмүүсийг ДОХ-ын эмээр эмчилж эхэлснээ мэдээлсэн юм.

Одоогоор Covid-19 гэж нэрлэгдсэн шинэ коронавирусийн халдварыг бүрэн эмчилдэг эм гараагүй байна. 

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.