Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Халгаатай хайр буюу бид хүүхдээ яаж хайрладаг вэ?

МОНСУДАР
2020 оны 2 сарын 18
Монсудар
Зураг зураг

Ойрын өдрүүдэд тохиолдож буй үйл явдлууд бидний үнэн нүүр царайг илчлээд өглөө. Гуч, дөч, тавь хүрчхээд эцэг, эхийнхээ тэтгэврийг хуу цөлмөнө, харь оронд хөл хоригдсон монголчуудаа “наанаа үлд” гэж шаагилдана, цаг зуурын бэрхшээлээр далимдуулан ашиг хонжоо хайна... Энэ бол нэг хоёр хүний жишээ биш, нийтлэг дүр зураг. Хэр хүн сайтай, ёс суртахуунтай байгаагаа өөрсдөөсөө асуултгүй биз ээ. Харин бид яагаад ийм юм бэ гэх бодол эрхгүй төрлөө. Настнууд маань яагаад ийм үр хүүхэдтэй болчхоо вэ? Хамгийн сайн хүн болоосой гээд хайрлаж өсгөсөн байтал хатуу сэтгэлтэй, харгис ширүүн хүн болчихдог ямар гээч хяслан бэ? 

Хэрдээ л эргэцүүлж, уг учгийг нь хөөн бодож үзлээ. Ер нь гайхаад байх юм алга, гомдож шогшрох ч эрхгүй мэт санагдав. Манайхан “Хүүхдийн биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй” гэж ярьдаг. Үнэндээ хүүхдээ хүмүүжүүлэхээс хойш суусан хүний л үг юм. Ийм үгээр асуудлыг өөрөөсөө зайлуулчхаад санаа амар суух зуур бусад орны эцэг эхчүүд хүүхдийнхээ ухааныг “бүтээсээр” байна. 

Сэтгэл, ухааныг төрүүлэхгүй ч бүтээж болохын баталгааг удаан хайх хэрэггүй. Тэд яаж амьдарч, бид яаж амьдарч байна вэ? Адилхан асуудалд тэд яаж, бид яаж хандаж байна вэ? Мэдээж төр засаг, нийгэм л буруутай байлгүй. Бид чинь алдаа эндэгдэл огт гаргадаггүй, буруу зөрүү зангүй, өндөг шиг өөгүй хүмүүс биз дээ. Гэвч төр засгийн цаана бас л хүмүүс бий.

“Юундаа уйлсан юм бэ? Уйлахгүй байвал ээж нь ундаа авч өгнө шүү.”, “Миний хүүг унагаасан энэ муу сандлыг дээ.”, “Уурладаг хүүхэд муухай шүү, уурлаж болдоггүй юм.”, “Эр хүн байж юунаасаа айсан юм бэ?”, “Айлын хүүхдийг хар. Манай энэ яахаараа ийм болчихдог байна аа?” Хүүхэд байхдаа иймэрхүү үг сонсож үзээгүй монгол хүн цөөхөн болов уу. Уйлж болохгүй, уурлаж болохгүй, ялагдаж болохгүй. Гомдож болохгүй. Атаархаж болохгүй. Айж болохгүй.... Болохгүй! 

Энэ тухай Жангар редакцын хүүхдийн ном бүтээгчдийн эрхлэн гаргадаг "Тэрслүү яриа" подкастын цоо шинэхэн дугаар гарчээ.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр аливаа зүйлс ч даган өөрчлөгддөг. Тэгвэл өнөөгийн хүүхдүүд хэрхэн хүмүүжиж байна вэ? Бид хэрхэн хүмүүжсэн бэ? Хүмүүжлийн арга хэлбэр өөрчлөгдсөн үү? зэрэг олон асуултыг тойрон ярилцсан томчуудын яриаг сонсоод үзээрэй.

Үнэндээ бол уурлах, атаархах, гуниглах нь муу хүүхдийн биш, харин ч сэтгэл мэдрэл нь хэвийн хүүхдийн шинж. Энэ бүх мэдрэмжийг байх ёсгүй гээд ээж, аав хорьчихсон юм чинь яаж илэрхийлбэл зөв эсвэл буруу эсэх, хэрхэн давж гарах, яаж зохицуулахыг хүүхэд сурч авах талаар санахын ч хэрэггүй нь мэдээж. Ингээд л мэдрэмжээ мэддэггүй, ухаандаа биш уур омогтоо хөтлөгдсөн, захын бэрхшээлийг даван туулах арга ухаан, сэтгэлийн тэнхээ суугаагүй, бусдад буруугаа нялзааж, гуньж гутарч, атаархаж барьцсан “хүүхдээрээ” томчууд болон өсөж өндийж, өтөлж яваа нь өнөөдрийн энэ дүр зураг. Үр хүүхдээ аль муу муухай, буруу зөрүүгээс хол яваасай гэж хүссэн ээж, аавын халуун хайрыг ойлгож байна.

Хорьж хаацайлсны зоргоор хорвоогийн муу муухай, таагүй бүхэн арилчихдаг бол сайхан л байх сан. Гэвч орчлон дээр цор ганцаараа амьдрахгүй л юм бол зөрчил маргаан, уур бухимдал, гуниг, ганцаардал, элдэв бэрхшээл хүн бүрд тулгарах нь жам. Ийм амьдрал руу хүүхдээ сэтгэлийн ямар ч дархлаагүй, улаан нүцгэн оруулах нь хайр мөн үү гэдгийг үнэнч шударгаар, ултай бодож үзнэ үү.  

Хүүхдээ хүмүүжүүлэх хандлагаа, дээр дурдсан шиг балай үзэл бодлоо өөрчлөхгүй бол өнөөгийн настнуудынх шиг ирээдүй бидэнд ч ирнэ. Ийм төгсгөлийг хүсэхгүй байгаа бол үр хүүхдээ “зөв” хайрлаж, сэтгэл, мэдрэмжийн асуудалд нь нүдэн балай чихэн дүлий явалгүй, цаг зав, чин сэтгэлээ зориулан өсгөх ганцхан зам бий. 

Хамгаас хайртай үр хүүхдийнхээ хүн чанар, сэтгэлийг бүтээгчид нь та бид. Гараа гарган, ур ухаан, цаг зав, хүч хөдөлмөр, сэтгэлээ зориулсан бүтээл хийгээд зав зайгаараа, гарын үзүүрээр амжуулсан зүйл хоорондоо ямар ялгаатай болдгийг та хэнээр ч хэлүүлэлгүй мэдэх биз ээ. Өнөөдөр үр хүүхдэдээ сэтгэл, зүтгэлээ зориулж чадахгүй оромдох юм бол бид насны эцэст өөртөө л гомдохоос яалтай.