Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Дэлгэрсайхан: “Зүчи Хаан” нэртэй МИАТ-ийн онгоцонд суугаад л эх орондоо ирчихсэн мэт мэдрэмж төрж, сэтгэл амарсан

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ухань хотын Их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Лхагважавын Дэлгэрсайхантай ярилцлаа. 

Тэрбээр шинэ коронавирусийн халдварын голомт болоод буй Ухань хотоос хүсэлт гарган эх орондоо ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 31 оюутны нэг юм.

МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж байгаад 2017 онд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгалт өгч тэнцэн Ухань хотын Их сургуульд суралцаж буй тэрбээр ирэх жил сургуулиа төгсөх юм байна.

Хоёр удаагийн шинжилгээ өгч, шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон оюутнууд өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт эмнэлгээс гарсан хэдий ч гэртээ дахин 14 хоног өөрсдийгөө тусгаарлана хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдээлээд буй. Тиймээс Л.Дэлгэрсайхантай онлайнаар холбогдож, ярилцсанаа хүргэж байна.


"Онгоц илгээж, биднийг авах болсон мэдээг дуулаад ёстой хагартлаа баярласан"

- Эмнэлгээс гарсанд нь баяр хүргэе. Ухань хотод нөхцөл байдал ямар байв, энэ талаар яриагаа эхлэх үү?

- Энэ жил Монгол, Хятадын Цагаан сар бүтэн сараар зөрсөн. Ихэнх оюутан нутаг буцсан ч гол төлөв төгсөх ангийнхан үлдсэн бөгөөд дипломоо бичиж, шалгалтдаа бэлтгээд зав муутайхан байсан.

Ийм аюулт өвчин дэгдэж дэлгэрнэ гэж огтхон ч төсөөлөөгүй байтал гэнэт хөл хорио болоод явчихсан. Ингээд дотуур байрнаасаа гаралгүй өрөө өрөөндөө хөл хорионд орсон доо. Хоол унд авах гэж л хааяа гарч байлаа.

Тухайн үед монгол оюутнууд хоорондоо болон Элчин сайдын яамныхан, гэр бүлийнхэнтэйгээ байнга холбоотой байсан.

- Та бүхнийг авчрах шийдвэр гарсан. Тухайн үед хэрхэн хүлээж авсан бэ?

- Монгол Улсын Онцгой комисс, Засгийн газар хуралдаж, Ухань хотод суралцаж байгаад хөл хорионд орсон 32 иргэнээ онгоц илгээж авах болсон мэдээг дуулаад ёстой хагартлаа баярласан. Эх оронтой хүн ямар сайхан юм бэ гэж бодогдсон.

Монгол Улсынхаа Засгийн газар, Монголын ард түмэндээ үнэн зүрхнээсээ баярласан. Сайн суралцаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэх үүрэгтэйгээ улам ухаарч,  баярлаж байгаа. Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газрын иргэдээ гэсэн энэ хүнлэг, энэрэнгүй алхмыг би хэзээ ч мартахгүй зүрх сэтгэлдээ тээж явах болно. Эх орондоо баярлалаа гэж хэлье.

- Та бүхнийг авчрах ажил маш хурдан болж өрнөх шиг болсон?

- ЭСЯ автобус явуулж, биднийг зургаан өөр газраас цуглуулж аваад үүрээр Ухань хотын онгоцны буудалд авчирсан. Тэнд мөн бусад улс орны олон хүн байсан. Монгол Улс иргэдээ эхэлж авч байгаа цөөхөн улс орны нэг болсонд бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.

“Зүчи Хаан” нэртэй МИАТ-ийн онгоцонд орж суугаад эх орондоо ирчихсэн юм шиг мэдрэмж төрж, сэтгэл амарсан даа. Биднийг нэг нэгээр суулгасан. Сандал дээр нэрс бичээстэй байсан. Онгоцны багийнхан, үйлчлэгчид, хамт очсон эмч нар үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байсныг хэлмээр байна. Энэ бүхнийг хэлэлгүй өнгөрч боломгүй. Монгол эх орондоо, монгол хүн болж төрсөндөө омгорхох сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан.

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардахад ямар сайхан байсан гэж санана. Сэтгэл нэг мөсөн амарчихсан. Аав, ах, өвөө, эмээ нар минь онгоцны буудалд ирчихсэн алсаас биднийг дурандаад харж байснаа сүүлд ярьсан.

- Онгоцны буудлаас шууд тусгай автобусаар ХӨСҮТ-д хүргэгдэж, 14 хоног тусгаарлагдлаа. Энэ хугацаанд түгшүүртэй байв уу?

- ХӨСҮТ-д 14 хоног эмч нарын хяналтад байж байгаад гэртээ гарлаа. Эмч нар нь өндөр мэдлэгтэй, үйлчлэгч сувилагч нар нь сайхан ааштай, ажилсаг хамт олон байв. Бүх зүйл нь дүрэм журмын дагуу хийгддэг юм билээ.

Эмээгийнхээ гарын цай, хоолыг их санаж байсан болохоор утсаар хэлээд эмч сувилагч нарыг гуйсан чинь гэрээс маань ирсэн хоол, цайг оруулж өгсөн. Сүүтэй цайгаа уугаад, буузаа цадталаа идээд нэг сайн хөлөрч аваад бие сэтгэл бүр тавирсан даа. Тэгэхдээ эмнэлгийн хоол унд сайн байсан шүү. Үүнийг бас хэлэх ёстой.

14 хоног бид гол төлөв ном уншиж өнгөрөөлөө. Биеэ дархлаажуулах, ариун цэврийг сахих, амны хаалтаа байнга хэрэглэх, гараа угаах зэргийг тогтмол хийж байв. Эмнэлгээс гарч гэртээ ирээд ч энэ дэглэмүүдээ яс мөрдөж байна. Сурчихдаг юм билээ.

- ХӨСҮТ-д байх хугацаанд хоёр удаа шинжилгээ өгсөн гэж ойлгож байгаа. Шинжилгээний хариугаа хүлээж байхдаа халдвар авсан байвал яанаа ч юм уу, тэгвэл яах билээ гэх бодол төрж байв уу?

- Тодорхой хэмжээнд айдастай байсан. Тэгэхдээ ихэнх хүндэрсэн тохиолдлууд хөгшин хүмүүс байсан болохоор залуу хүний хувьд тайван байсан. Ихээр айж, түгшээгүй.

"10 сая гаруй хүн амтай Ухань хот онц байдал зарламагц бүх зүйл дорхноо эмх цэгцэд орсон"

- Ухань хотын нөхцөл байдлын талаар илүү дэлгэрүүлж ярилцъя. Гэнэтхэн л хөл хорио тогтоосон хэмээн та хэлсэн. Гаднаас ажиглаж байгаа бидний хувьд БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарсныг ДЭМБ-аас зарлаж, халдварын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээм байлаа.

- БНХАУ-д нөхцөл байдал хүндхэн байгаа. Ялангуяа, өвчний голомт болсон Ухань хотод бүр ч эвгүй. Гэтэл 10 сая гаруй хүн амтай Ухань хот онц байдал зарламагц бүх зүйл дорхноо эмх цэгцэд орсон.

Хүн ардынхаа төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, сувилагчдыг хараад бахархахгүй байхын аргагүй.

Шоргоолж шиг бужигналдаж байсан газарт хөл хөдөлгөөн гэв гэнэтхэн л зогсчихдог юм билээ. Гудамж талбай хов хоосон болчихсон. Хятадын ард түмний сахилга бат, зохион байгуулалт, эмх цэгц, ухамсарт байдал, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн хамтач үзэл санаа гайхширал төрүүлсэн шүү. Бахархсан. Тэднээс сурах юм монголчууд бидэнд их бий.

БНХАУ, Хятадын эмч, мэргэжилтнүүд энэ өвчнийг богино хугацаанд дийлж гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Хүн ардынхаа төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, сувилагчдыг хараад бахархахгүй байхын аргагүй юм билээ.

- Ухань хотод байгаа найзууд, ангийнхантайгаа холбоотой байгаа юу. Нөхцөл байдлын талаар мэдээлэл авч байна уу?

- Би хятад найз руугаа эндээс утасдаж байгаа. Тэднийхээ төлөө сэтгэл зовж л сууна. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг. Монгол, Хятад бол хөрш орнууд шүү дээ.

Ухань хотод өнгөрүүлсэн түгшүүрт 20-оод хоног нэгэнт ард үлдэж, хайрлаад хайрлаад баршгүй Монгол эх орондоо ирээд бас хоёр долоо хоног өнгөрчихлөө. Одоогоор гэрээс гарахгүй байгаа. ХӨСҮТ-ийн эмч нар 14 хоног гэрээс битгий гар гэсэн. Зааврыг дагаж мөрдөнө.

- Та бүхнийг авчрах шийдвэр гарсны дараа олон нийтийн сүлжээнд зарим хүн амиа бодсон гэж хэлж болохоор сэтгэгдлийг илэрхийлж байсан. Тэдгээрийг та бүхэн хэрхэн хүлээж авсан бэ?

- Мэдээлэл технологийн эрин үе аав, ээж, ар гэрийнхэнтэйгээ холбоо барихад амар хялбар болгож өгч байгаа. Бид Монголд болж байгаа, дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг тэр дорно л олж мэддэг.

Олон нийтийн сүлжээгээр “Гучин оюутан яах вэ, гурван сая хүн амаа бодъё. Тэднийг тэнд нь үлдээчих, авчирвал аюултай” гэсэн утгатай санал сэтгэгдлийг уншаад сэтгэл жаахан тиймэрхүү л байсан. Гэхдээ гомдоод байх юу байх вэ. Айдас хүйдэст бас үндэслэл байгаа шүү дээ, ойлгох л хэрэгтэй. Биднийг авч чадахгүй энд нь үлдээчихвэл нүхнээсээ гардаггүй тарвага шиг л гэртээ суугаад байна даа гэж бодож байсан.

Харин өвөө, эмээ хоёр минь тийм мэдээллийг сонсоод их эмзэглэж, гомдсон байна лээ. "Монголд хүн чанар алдагдаж дээ" гэж ярьж суусан гэсэн. Уханьд байхдаа 3-4 хоногт нэг удаа гарч хүнгүй шахам болчихсон дэлгүүрээс хүнсээ худалдаж авчихаад л байрандаа суугаад байсан даа.

"ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар бидэнд ээж, аав, эгч, дүүс шиг л дотно сайхан санагдаж байна"

 
Гэрэл зургийг А. Золбоогийн фэйсбүүк хуудсаас авав.

- Та бүхэн эмнэлгээс гарахдаа эмч, сувилагч нарт сэтгэлийн бэлэг бэлэглэсэн гэж байсан. Эмч, сувилагч нарын ажлыг хараад ямар сэтгэгдэл төрж байв?

- Давтан шинжилгээний хариу сөрөг гарч, хорио цээрийн хугацаа дуусан эмнэлгээс гарахдаа хүн бүр л эмч, сувилагч нартаа үнэн сэтгэлээсээ баярлаж талархсанаа үгээр илэрхийлцгээсэн. Тэд бидэнд ээж, аав, эгч, дүүс шиг л дотно сайхан санагдаж байна. Гайхалтай буянтай, сайхан мэргэжил эзэмшсэн хүмүүс юм байна гэж бодогдсон. Одоо биеийн байдал маш сайн байна. Өвчин тусаагүй юм чинь сайн байлгүй яах вэ дээ. Тэгэхдээ анхаарал болгоомж хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. 14 хоног гэрээс гарахгүй.

-Сүүлийн сар гаруйн хугацаанд танд тохиолдсон зүйлсийг одоо эргээд харахад юу гэж бодогдож байна даа?

- Төрүүлсэн аав, ээж, төрөлх эх орон хоёр салшгүй нэг цул ойлголт юм байна гэдгийг чин сэтгэлээсээ мэдэрч ойлголоо. Эх гэдэг үгнээс эх орон эхэлдэг гэдэг үнэн юм. Бөөн баяр хөөр болсон хүмүүс л намайг угтаж авлаа. Үгээр ил хэлэхгүй байгаа ч үнэндээ тэд маань надаас илүү сэтгэл зовниж байсныг би дөнгөж сая л мэдлээ.

Энэ аюулт өвчний гэнэтийн дэгдэлт, хөл хорио, эх орондоо эргэж ирсэн, ХӨСҮТ-д 14 хоносон, ээж, аав, эмээ, өвөөтэйгөө уулзсан баярт мөч одоо эргээд төсөөлөхөд кино зураг шиг л нүдний өмнүүр жирэлзэн хөвөрч байна. Ухаан сууж, олныг эргэцүүлсэн, баяр догдлолоор дүүрэн өдөр, шөнүүд өнгөрч байна. Унтаад босоход ухаан суугаад хэрсүүжчихсэн ч юм шиг, маш сонин сэтгэгдэл төрж байгаа. Тэр бүрийг ярьж, илэрхийлж дуусахгүй юм шиг л санагдаж байна.

Ээж, аав, өвөө, эмээгийнхээ ач буянаар би бага наснаасаа орос, англи хэл сурч, гадаад хэлний сонирхолтой болсон юм. ОХУ-д бас Англид суралцах боломж надад байсан. Гэхдээ хөрш зэргэлдээх БНХАУ-ын түүх соёлтой танилцаж, хятад хэл суръя гэж бодсон. Хятад хэлээ овоо сурч байгаа. Ханз нь хэцүү ч хэлийг нь сурч болох юм байна. Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа улам баялаг, олон талтай болж байна. Хятад хэлтэй хүн Монголд улам л хэрэгтэй болно гэдэгт итгэлтэй байгаа. Сурч мэдсэн бүхнээ би эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулна. Тэгэх гэж л эх орныхоо нөмөр нөөлгийг мэдрэн эх орондоо ирлээ шүү дээ.

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.