Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Телевизүүд теле хичээлийг сайн дураараа нэвтрүүлж байгаа учраас сурталчилгаа явуулахгүй гэх хяналт, шаардлага тавихгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19-ийн тархалт дэлхий даяар нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэг, МСҮТ болон сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоосон.

Энэ хүртэл хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулж 13 телевизээр алсын зайн сургалт явуулж байгаа билээ.

Харин зарим телевиз хичээлийн дундуур реклам гаргаж байгаа гэх гомдол манай редакцад ирсэн юм.

Мөн сошиал сүлжээнд ч зарим эцэг эх хичээлийн дундуур реклам гарч байгаад дургүйцсэн сэтгэгдэл үлдээжээ.

Энэ дагуу Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад "Бид Телевизүүдийн холбоонд теле хичээлийн дундуур зар сурталчилгаа явуулахгүй байх хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу одоогоор теле хичээлийн дундуур зар сурталчилгаа явуулахгүй байгаа гэх мэдээллийг манайд өгсөн. Гэхдээ телевизүүд теле хичээлийг сайн дураараа бичиж, нэвтрүүлж байгаа учраас бид реклам явуулахгүй гэх хяналт, шаардлага тавих эрхгүй" гэсэн тайлбар өглөө.

Харин Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулахад "Теле хичээлийн дундуур явж байгаа реклам, зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулагдах ёстой.

Тухайлбал, Зар сурталчилгааны тухай хуулийн 11.4-д зааснаар "Сургалтын нэвтрүүлгийн дундуур зөвхөн сургалттай холбоотой бөгөөд 5 минутаас илүүгүй хугацаанд 30 секундээс дээшгүй үргэлжлэх зар сурталчилгааг нэвтрүүлж болно" гэсэн байдаг.

Харин тус хуулийн 11.2-т Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур зөвхөн хүүхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрүүлж болно хэмээн заажээ. Харилцаа холбооны зохицуулах хороо зар сурталчилгааны минтутанд хяналт тавьдаг бөгөөд тухайн гаргаж буй рекламны агуулгад хяналт тавьдаггүй.

Хэрэв хуулийг зөрчсөн бол хуулийн хүрээнд зар сурталчилгаанд тавих хяналтыг Оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлдэг" гэсэн юм.

Гэхдээ сануулахад, Ерөнхий боловсролын сургуулийн алсын зайны хичээлийг 13 телевиз ямар нэг үнэ төлбөргүйгээр БСШУСЯ-тай хамтарч бэлтгэн хүргэж байгаа билээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.