Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Diamond Princess” хөлгийн эхний зорчигч Японы эрэгт хөл тавилаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын улмаас хөл хорионы дэглэмд байгаа “Diamond Princess” аяллын хөлгийн эхний зорчигч өнөөдөр Японы эрэгт буужээ.

Японы засгийн газар Йокохамагийн боомтод саатуулагдсан хөлгөөс 80 ба түүнээс дээш настай, өвчин хуучтай, цонхгүй битүү өрөөнд байрлаж буй зорчигчдыг ялган халдварын шинжилгээ авсны эцэст эрэг дээр нээсэн түр хоргодох байр руу өнөөдрөөс шилжүүлж эхэлсэн байна.

Өнөөдөр үдээс хойш эхний 11 зорчигчийг тусгай битүүмжилсэн автобусаар хоргодох байр руу хүргэжээ.

Тус хөлөг дээр байрлаж буй нийт 3,700 хүнээс 218 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Халдвар тээгчдийг хөлгөөс буулган эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдгээрээс 10-ынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Эмзэг бүлгийн зорчигчдоос эхний ээлжинд шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд эрэгт буулгах ажээ. Тиймээс энэхүү нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нэлээд хэд хоног үргэлжлэх төлөвтэй байна.

“Diamond Princess” хөлөг дээрээс илэрсэн тохиолдлуудаас гадна Япон улсад шинэ коронавирусийн халдвартай 33 хүн илрээд байгаа.

Өнөөдөр үдээс хойш Японы засгийн газраас хөлгийн зорчигчид байрлаж буй бүх өрөөнүүдэд iPhone гар утаснуудыг тараажээ. Тэдгээр гар утсаар зорчигчдод шаардлагатай мэдээллийг өгөхөөс гадна санал хүсэлтийг нь хүлээж авах юм байна.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.