Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Чай Вэньруй: Хорио цээрийн дэглэм нь саад учруулж буй ч хамтын ажиллагааны цар хүрээгээ хэрхэвч сааруулж болохгүй

ikon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.02.14) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхав. 

Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид барьсан Элчин сайдад УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргээд Монголыг сайн мэддэг, Монголд олон жил ажилласан, хуучны танил хүрэлцэн ирсэнд таатай байгаагаа илэрхийллээ. 

Ноён Элчин сайд, цаг гарган хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жань Шүйгийн мэндчилгээг уламжлав. Мөн уулзалтын үеэр Элчин сайд Чай Вэньруй цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлээр идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглээд чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамтран урагшлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.   

УИХ-ын дарга Г.Занданшатар “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж Монголын зүйр үг бий. Энэ цаг үед Монгол Улс, төр засаг, түүний дотор Улсын Их Хурал халдварт вирусээс иргэдээ болон дэлхий дахиныг хамгаалах, учирсан хор уршгийг богино хугацаанд даван туулахаар тэмцэж буй БНХАУ-ын ард иргэдтэй эв санааны нэгдэлтэй байна. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй энэхүү сорилт, бэрхшээлийг бид хамтдаа давж гарах болно. Тэр дундаа БНХАУ сорилт, бэрхшээлийг богино хугацаанд амжилттай давна гэдэгт итгэлтэй байна гэлээ. ДЭМБ-аас манай улсыг эрсдэл өндөртэй орны тоонд оруулж, бэлэн байдалд байхыг сануулсан. Тиймээс өчигдөр Засгийн газар хуралдаж Монгол Улс, БНХАУ-ын хоорондох бүх боомтуудаар ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Энэ талаар “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн дагуу Хятадын талд албан ёсоор мэдэгдэж байгаа болно. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна гэлээ. 

Ноён Элчин сайд Чай Вэньруй Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг бүрнээ дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид шинжлэх ухааны үндэслэл, бодит байдалд нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс манай улс, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн явдалд бид туйлын их баярлаж, талархаж байна. Монголын ард түмэн гар сунган тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэлээ. 

Ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд бэрхшээл,саад учруулж буй хэдий ч хамтын ажиллагааны цар хүрээгээ хэрхэвч сааруулж болохгүй гэдгийг Элчин сайд Чай Вэньруй тэмдэглэн хэлэв.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс