Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Чойжамц: Гандантэгчэнлин хийд гурван сая хүнд үрэл тарааж дийлэхгүй. Тэр бол сүсэгтэй хүнд зориулж хийж байгаа ажил

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусээс сэргийлэх үрлийг Гандантэгчэнлин хийдээс хийж, тараана гэсэн мэдээлэл сошиал сүлжээгээр тархсан билээ.

Тэгвэл энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийх үеэр МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тайлбарласан юм. 

Тэрбээр хэлэхдээ "Энэ жил дэлхий даяар аймшигтай ханиад томуу гарчээ. 700 жилийн өмнөх судар дээр сарьсан багваахай гэх амьтнаас ирээдүйд хурц өвчин гарна гэж тэмдэглэсэн байна.

Энэ үед ямар уншлага, үрэл, утлага хийх талаарх заавар байдаг. Ганц тэр ч биш. Богд нарын лүндэн, ихэс дээдэс хувилгаадуудын ирээдүйг үзүүлсэн бошготод маш сайн үзүүлсэн байдаг юм билээ. Ийм үед засаг төр маань маш сайн анхаарч арга хэмжээ авч байна. Үүнийг ард түмэн нийтээрээ хүлээж авах учиртай.

Гандантэгчэнлин хийдийн зүгээс таван хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан бөгөөд амны хаалтыг ард түмэнд түгээх ажил хийж, хурал номоо уншиж байна.

Шашинтан хүний ажил нь сүсэгтэн олон болон эх болсон зургаан зүйл, хамаг амьтны сайн сайхны төлөө уншлага номоо зориулах явдал юм. Ялангуяа хувилгаан хутагт, далдын мэдэлтнүүдийн зөгнөсөн номнуудад заалттай байгаа ном, уншлалгыг уншиж, түүнээс хамгаалсан утлага, сахиус бурхныг хийж, ард түмэнд түгээх нь бидний ажил.

Бидэнтэй адил шашинтай улс орнуудад ч лам хуврагууд үрэл утлага, тарни бясалгал хийж байна. Бид сүсэгтэй хүмүүс учраас уншлага номоо унших, үрэл утлага хийж тараах ажлыг эхлүүлсэн. Энэ бол шашны ажил. Лам нар эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө залбирч, ном унших үүрэгтэй учир түүний дагуу хийж байгаа. Сүсэглэсэн, үнэхээр хэрэгтэй байгаа хүмүүст нь тараая гэж бодож байгаа. Аль болох үймээн самуунгүй хийж чадна. Шашин шүтлэг гэдэг нь үргэлж байдаг. Сүсэгтэй орнууд бол та нар номоо унш л гэж лам нартаа хэлдэг.

Манай лам үрэл хийж, сүсэгтэн олонд тараах тухай ярьсан байна лээ. Түүнийг бүх хүнд тараах юм шиг мэдээлэл явсан. Гандантэгчэнлин хийд гурван сая хүнд үрэл тарааж дийлэхгүй. Тэр бол сүсэгтэй хүнд зориулж хийж байгаа ажил. Бүгдэд нь албадаж өгөх гэж байгаа хэрэг биш бөгөөд эдгээнэ гэсэн баталгааг хэн ч гаргаж чадахгүй. Сүсэгтэн олондоо тус болох сэтгэлээр хийж байгаа зүйлийг мушгиж болохгүй" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.