Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Diamond Princess” хөлөг дээрээс дахин 44 халдвартай хүн илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийт 3,700 орчим хүнтэй “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс шинэ коронавирусийн халдвартай 44 хүн нэмж илэрснийг Японы эрүүл мэндийн сайд өнөөдөр мэдээлжээ.

Сүүлд авсан 221 хүний шинжилгээний хариунаас ийм үр дүн гарсан байна. 

Ингэснээр тус хөлгөөс нийтдээ 218 халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Эдгээрээс гадна хөлөг дээр хөл хорио тогтоох ажлыг гүйцэтгэж байгаа нэг ажилтан халдвар авсан нь батлагджээ.

Одоо хөлгөөс өндөр настай, хууч өвчтэй хүмүүсийг түрүүлж шалгаад халдваргүй бол эрэгт буулгах төлөвлөгөөтэй байгааг Японы эрүүл мэндийн сайд Кацунобу Като өнөөдөр мэдэгдсэн байна.

Өнөөдөр илэрсэн 44 өвчтөний нэг нь хөлгийн ажилтан, бусад нь зорчигчид байжээ.

“Diamond Princess” хөлөг хоёрдугаар сарын 3-ны өдөр Йокохамагийн боомтод ирээд шууд хөл хорионд орсон юм. Ирэхээс нь өмнө тус хөлгөөр зорчсон Хонг Конгийн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээллийг Японы тал Хонг Конгоос хүлээж аваад байжээ.

Хөлөг дээр тогтоосон хөл хорионы дэглэм хоёрдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх юм.

Хөлгийн зорчигч, ажилтан нийлсэн 3,700 орчим хүнээс өнөөдрийн байдлаар 713 хүнийг шинжлээд байгаа нь оношлуурын хүрэлцээ муу байгаатай холбоотой.

“Diamond Princess” хөлөг дээрээс илэрсэн 218 халдварын тохиолдлоос гадна Япон улсад 28 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.