Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн сэжигтэй тохиолдлын хавьтлуудыг тогтоохын тулд эрүүл мэндийн салбар хэрхэн ажиллаж байна вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж, шинэ коронавирус буюу Covid-19 халдварын тархалтын талаар болон Монгол Улс урьчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний хэрэгжилтийн мэдээллийг өгөв. Түүнчлэн сэжигтэй тохиолдлууд болон түүний нэгдүгээр хавьтлыг тогтоохын тулд хэрхэн ажиллаж байгааг танилцууллаа. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Халдварын чиглэлээр ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу иргэдэд урьдчилан сэргийлэх, зөв бодит мэдээллийг өгсөөр байна. Мөн эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ХӨСҮТ бэлэн байдаал хангах үүднээс 200 ор бэлдээд байгаа ба тохиолдол гарсан үед Цэргийн төв эмнэлэг дээр 570 орыг дэлгэн ажиллахаар бэлтгэлээ хангасан. Хэрэв байдал хүндэрвэл ашиглах хувийн хэвшлийн байгууллагын орны төлөвлөгөөг гаргаж байгаа.  

Өдөр бүр сэжигтэй тохиолдлуудыг тусгаарласан тоо, шинжилгээний хариуг тогтмол мэдээлж байгаа. Энэ бүрийн цаана эрүүл мэндийн салбарын маш олон ажилтны хөдөлмөр, дагалдах зардлууд ихээр гардаг. Гэтэл иргэд маань хайнга, хариуцлагагүй байж, иргэний үүрээ биелүүлэхгүй байна" хэмээв.

Тэрбээр эрүүл мэндийн салбар нь шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол болон хавьтлуудыг тогтоож ажиллахын тулд хэрхэн ажиллаж байгаа талаар Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тохиолдлоор жишээлэн тайлбарлав. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тухайн иргэн нэгдүгээр сарын 10-нд БНХАУ-ын Эрээн хот руу зорчсон. Эрээн хотоос цааш өөр газар руу 12-нд яваад хоёрдугаар сарын 2-нд эргэн Эрээн хотод ирсэн байна. Үүнийхээ дараа Бээжин яваад хоёрдугаар сарын 4-нд Эрээнд ирж, 5-нд 48 хүнтэй автобусаар хилээр гаран Замын-Үүдэд ирсэн. 

Замын-Үүдэд гурав, Улаанбаатарт 2 хонож, Улаанбаатар-Ховд чиглэлийн 40 хүнтэй автобусанд суун зорчсон бөгөөд уг автобус нь Булганы Сансар, Ховдын Дарви зэрэг суманд зогсон, зорчигчид хооллосон байна. 

Түүнчлэн уг иргэн Ховдод хоёр хонож, зочид буудалд байрлан цааш Баян-Өлгий аймаг руу таксигаар 4 хүний хамт явсан. Гэртээ очсон хойноо халуурч, ханиалгасан, булчин өвдсөн гэх мэт шинж тэмдэгтэйгээр Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан.

Гэтэл иргэн зовуурь, явсан маршрут бүрээ эрүүл мэндийн байгууллагад мэдээлээгүй учир таксины жолооч, автобусанд хамт зорчсон 40 хүний нэрийг бид хайж олж, бүх хүнд зөвлөгөөг өгч ажиллалаа. Зөвхөн нэг тохиолдол дээр л гэхэд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв аймаг зэрэг бүх аймгийн Эрүүл мэндийн газар ажиллаж байна.

Тиймээс иргэд өөрсдийн хариуцлгагыг өндөржүүлэх хэрэгтэй. Энэ бол тухайн иргэний эрүүл мэнд, ар гэр, Монгол Улсын эрүүл мэндийн байдал яригдаж байгаа асуудал. ДЭМБ-аас анхааруулж байгаа нэг зүйл нь улс орон бүр хоорондоо нягт ажиллах ёстой юм. Халдвар гарсан газар руу битгий яв, гараа тогтмол сайтар савандаж угаа, амны хаалтаа зүүхийг уриалж байна" гэв.

Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын сорьц өнөө өглөөний 05:00 цагийн орчимд ХӨСҮТ-д ирсэн бөгөөд шинжилгээний хариу 24-48 цагийн дараа гарах юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.