Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэлзүйч Ц.Дэлгэрмэнд: Онцгой байдлын үед тайван байх нь хамгийн бага хохиролтой

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2020 оны 2 сарын 13
Өдрийн сонин
Зураг зураг

Коронавирусийн халдвар Монгол Улсыг тойрон олон улсад бүртгэгдэж байгаа энэ онцгой нөхцөл байдлын үед нийгмийн сэтгэл зүй ямар байдаг, аюулыг хэрхэн даван туулах, сэтгЭл зүйгээ яаж тайван байлгах талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй ярилцлаа.

-Олон улсад дэлгэрч байгаа шинэ төрлийн ийм өвчлөлийн үед нийгмийн сэтгэл зүй ямар болдог вэ?

-Улс бүр өөрийн гэсэн онцгой байдлын дүрэм, журамтай. Дээр нь дэлхий нийтээр дагаж мөрдөх журам гэж байгаа. Түүн дээр нэгэнт урьдчилан сэргийлэх, эмчлэх журмууд нь байгаа учраас ард иргэдийн хувьд тайван байх хэрэгтэй. ДЭМБ, Эрүүл мэндийн яамнаас байнга зөвлөгөө мэдээллийг өгч байна.

Айдас түгшүүр, сандрал асуудлыг хүндрүүлнэ гэхээс сайн үр дүнд хүргэхгүй. Тиймээс онцгой байдлын үед мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг дагаж мөрдөх нь чухал. Гал түймрийн үед яах ёстой вэ гэхэд хий дэмий гүйлдээд байхын оронд гарцуудаар гарахыг зөвлөдөг. Үүнтэй адил хийх ёстой зүйлүүдээ хийгээд тайван байхыг л зөвлөж байна.

-Энэ өвчний эмчилгээ гараагүй, өглөө бүр өвчилж, нас барсан хүмүүсийн тоо олон зуугаар нэмэгдээд байгаа нь монголчуудын хувьд улам айдас, түгшүүр бий болгоод байна уу даа?

-Айдас бол ганц Монгол Улсад байгаа юм биш, ялангуяа Азийн улсуудад Сингапур, Хонконг, БНХАУ-ын өмнөд Малайз, Филиппин гээд олон улсад байгаа. Саяхан гэхэд Сингапурт аюултай байдлынхаа түвшинг нэмэгдүүллээ. Тэнд ч бас ард иргэд нь манайхтай адил дэлгүүрийнхээ лангууг хоосолсон. Тэгэхэд Ерөнхий сайд нь “Ийм алхам хийх шаардлагагүй.

Манайх хүнсний дутагдалд орохгүй. Харин бүгдээрээ тайван байж хийх ёстой зүйлсээ хийе” гэж уриалсан. Үүн дээр иргэн хүний хувьд хэрэв би вирус тусч, амь насанд халгаатай бол гэсэн үндсэн айдас байгаад байна. Ямар хүмүүсийн амь насанд энэ өвчин халгаатай байгаа вэ гэдгийг эхлээд маш сайн ойлгох хэрэгтэй.

Нэгд, Ухань хотод амьдарч байсан болон тэндээс гарсан хүмүүс, дээр нь урт хугацаанд дотоод эрхтний өвчтэй байсан-хүмүүс, өндөр настай, дархлаа султай, ганц коронавирус биш ханиад томуу хүрэх магадлал өндөр байгаа, дээр нь эмнэлгийн ажилтан бол вирус авах эрсдэл маш өндөр байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, халдваргүй байдлаа маш өндөр зэрэглэлд барих ёстой. Ингээд хүн бүр халдвар авах эрсдэлийг тооцоолж үзвэл Монгол Улсын хувьд давуу тал олон байна.

Бидний хувьд Ухань хоттой тийм ч их гүн гүнзгий харилцаатай биш. Түүнээс гадна цаг хугацаа хожиж хамгийн том хийж чадсан ажил бол Уханиас монгол иргэдээ авчирсан явдал. Одоо сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглож, олон нийтийн хөл хөдөлгөөнд хөл хорио тогтоосон.

Цаг хугацаа хожиж хамгийн том хийж чадсан ажил бол Уханиас монгол иргэдээ авчирсан явдал.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч чадаж байна. Ийм нөхцөлд хэрэв өвчлөл Монгол Улсад гарвал эрүүл мэндийн салбарынхан тодорхойлж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Оношлуур нь байгаа. Бас вирус авсан тохиолдолд эмчлэх чадвартай гэдэгт итгэх ёстой.

Дэлхий нийтээрээ нас барж байгаа тооноос эмчлэгдэж байгаа нь хэд дахин илүү байна. Тэгэхээр энэ бол маш сайн мэдээ. Гэх мэт эрсдэлүүдээ тооцвол бидэнд маш их давуу тал байна. Олон улстай харьцуулахад манайд эрсдэл маш бага байгаа.

Айгаад байх зүйл байхгүй. Бид хийж чадах зүйлээ хийж байна. Дээр нь та хэрэв айж л байгаа бол хувь хүн бүр маскаа зүү, гараа угаа, дархлаагаа сайжруул, өвчлөлтэй улсад зорчихгүй бай.

-Сошиал сүлжээ ч онцгой байдлын нөхцөлд эерэг гэхээс илүү сөрөг үр дагавар ихээхэн бий болгож байна шүү дээ?

-Монгол хүмүүсийн хувьд амнаас ам дамжиж мэдээлэл түгдэг. Дээр нь яалт ч үгүй фэйсбүүкийн хэрэглээ Азидаа гэлтгүй олон улсад хэрэглээ өндөртэй улсуудыг тэргүүлж байна. Хамгийн гол нь фэйсбүүк хаягтай, түүнийгээ идэвхтэй хэрэглэдэг хүмүүсийн тоо маш өндөр.

Хамгийн эрсдэлтэй зүйл нь бид зөвхөн Монголд байгаа мэдээллийг нийгэм даяар цацдаг. Гадны эх сурвалжтай, бодит мэдээллийг авч чаддаггүй, түгээж чаддаггүй. Энэ нь хэлний мэдлэгтэй холбоотой. Яалт ч үгүй сул тал бол энэ мөн.

Дэлхий даяар чанартай, бодит эх сурвалжтай мэдээллүүд байхад зөвхөн хэн нэгний хэлсэн үг, санал бодол, айдсаа хуваалцсан, магадгүй зориудаар хүмүүсийг бутаргаж туйлширсан мэдээллийг хуваалцаж байна. Ийм мэдээллийг хуваалцах нь хүмүүсийг турхирч, өдөөн хатгалгад уриалж байгаа үйлдэл.

эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг цааш дамжуулж байгаа бол та хов дамжуулж байна гэсэн үг. 

Ямар ч тохиолдолд эх сурвалж нь тодорхойгүй бол цааш нь битгий хуваалцаарай. Энгийн амьдрал дээр ч гэсэн хэн хэлсэн нь бүрхэг мэдээллийг цааш дамжуулбал хов жив болдог. Үүнтэй адил сошиал орчинд ялгаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг цааш дамжуулж байгаа бол та хов дамжуулж байна гэсэн үг.

Сая бол нэг хэсэг энэ өвчлөл дэгдлээ гээд хүчтэй санаа зоволт үүсэнгүүт маш их хов, айдас нэг нэгэндээ дамжууллаа.

Үүнээс хойш сошиал медиан дээр байгаа зүйлийг маш их анхаарч ажиглах хэрэгтэй болж байна. Энэ байдал маань юуг харуулж байна вэ гэвэл ард иргэдийн сошиал хэрэглээг бууруулахаас өөр аргагүй. Бид нийгмийн сүлжээний маш зөв хэрэглэгч болж сурахаас аргагүй. Эс тэгвэл сэтгэцийн эрүүл мэндэд маш их нөлөөлж байна.

-ОХУ-ын Засгийн газар ард иргэддээ “Энэ бол зүгээр эдгэрдэг өвчин. Тайван бай” хэмээн суртал ухуулга хийж байна. Үүнтэй адил ийм онцгой нөхцөл байдлын үед төр засаг, шийдвэр гаргах хүмүүс нь ард иргэдийнхээ сэтгэл зүйд нөлөөлөх ямар үг, үйлдэл хамгийн зөв байдаг вэ?

-Хамгийн эхэнд манайх хийх ёстой зүйлсээ бусад улсаас түрүүлж хийсэн нь маш сайн. Баяр хүргүүштэй явдал энэ аргагүй мөн. Дээрээс нь энэ жил бид азтай ч байлаа, Хятадын Цагаан сартай манайх давхцаагүй. Уханьд халдвар хүчтэй тарсан гол шалтгаан нь Цагаан сартай холбоотой.

Бидэнд тэр эрсдэл бага байсан нь давуу тал боллоо. Нэгэнт бидэнд ийм давуу тал үүсчихсэн байгаа учраас удирдах түвшний хүмүүс энэ байдлыг удаан хугацаанд яаж хадгалах вэ. Бэлэн байдлаа яаж хангах вэ, оношлуур бэлэн байна уу, эмчилгээний баг бэлэн байгаа юу гэдгээ маш сайн анхаарах ёстой.

Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол таны хэлсэнчлэн ард иргэддээ бодит зөв мэдээллийг өгч сэтгэл зүйд нь нөлөөлөх ёстой. Одоо бол олон нийтийн дунд үүсээд байгаа нэг асуудал бол Монгол Улсыг тойрсон олон улсад энэ өвчлөл гарчихлаа, яагаад манайд гарахгүй байна вэ. Магадгүй гарчихсан юм биш биз гэсэн айдастай байна. Ийм үед төр засгийн зүгээс бодит мэдээллийг л өгөх нь чухал.

Зөв мэдээлэл, факт хүнийг тайван болгодог. Тэгэхээр зөвхөн “Тайван бай” гэдэг үг хангалттай биш. Түүнийг батлах мэдээллүүдээ л сайн өг гэсэн үг. Жишээ нь, Уханиас 31 монгол иргэнээ авчирсан, тэд бүгд эрсдэлгүй байгаа. Хил дээр хэчнээн хүн орж байгааг ингэж шалгаж үзлэг хийж байна гэх мэт.

Хамгийн гол нь зөвхөн Монголд биш, бусад олон улс оронд яг ийм үйл явдал болж байгаа. Одоохондоо бол нэг зүйл ажиглагдаж байгаа нь хүмүүс айдсын үеийг давж гараад эрсдэл нь бага юм байна гэж тайвширч байгаа үе рүүгээ буцаж байна. Тайвширч болохгүй. Үүн дээр урьдчилан сэргийлэх аргуудаа урт хугацаанд хийх ёстой юм байна гэдэг шийдвэрийг бүгдээр гаргах хэрэгтэй.

Магадгүй энэ өвчлөл дэлхий нийтээр аюулын түвшинг буулгах хүртэл маскаа зүүнэ, гараа маш сайн угаана, олон хүнтэй газар очихгүй байх, өөрийн дархлааг болон гэр бүлийнхээ хүмүүсийн дархлааг сайжруулахаар хүнс хэрэглээгээ хэрэглэе гэдгээ байнга санах ёстой. Долоо хоног л түргэний байдалтай байгаад өнгөрөх биш сарын хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй учраас энэ хугацаанд хэрэгтэй зүйлсээ бэлдэх ёстой гэсэн санаа.

-Муу амласан зүйл биш, энэ өвчлөл Монголд орж ирээгүй байхад бидний айдас түгшүүр ямар хэмжээнд хүрэв гэдгийг өнгөрсөн хугацаанд харагдлаа. Магадгүй ороод ирвэл яах бол нийгэм үүнээс ч хүнд байдалд орох юм биш биз гэсэн эргэлзээ байна?

-Монгол Улсад вирус гарч ирлээ гэхэд өмнөх хийх ёстой үйлдлүүдээ л үргэлжлүүлнэ. Дээр хэлснээр маскаа зүүнэ, гараа угаана, дархлаагаа сайжруулна. Тайван байдлаа алдаж болохгүй. Мэдээллүүдээ зөв ав. Ажиллаж хөдөлмөрлөж байгаа үедээ гараа сайн угаа. Яг л адилхан.

Иргэд яах вэ, төр засаг нь яах вэ. Үүний хажуугаар гуравдагч маш том нөлөөтэй хэсэг сэтгүүлч та нар. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч шийдвэр гаргаж байгаа хүмүүсээсээ бараг өндөр хэмжээнд байх ёстой. Та бүхний гаргаж байгаа мэдээлэл маш хариуцлагатай байх хэрэгтэй. Хэрэв вирус бүртгэгдлээ гэхэд тэр үед нийгэмд дахиад айдас бий болно.

Олон хүмүүс шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг буруутгана. Нэг нэгнээ буруутгана. Бараг тэр халдвар авсан хүн ямар хүн байх вэ. Залуу хүн байх уу, настай хүн байна уу, хотынх уу, хөдөөний хүн байх уу гэдгээс хамаараад ялгаварлал гарч ирнэ.

Тэгэхээр үүн дээр бэлтгэлтэй, сэтгэл санааны хувьд үүний дараа ийм юм болно, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ингэнэ, гарлаа ч гэсэн бид ийм ийм мэдээллийг дамжуулах ёстой гэдгээ хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарах шаардлагатай.

Манай улсын хувьд вирус бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал. Мэдээж энэ аюулыг ямар ч хор хохиролгүй давж чадвал сайхан хэрэг.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.