Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Зогсох газаргүй болсон “Westerdam” аяллын хөлгийг Камбож улс хүлээж авахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн аюулаас болгоомжилсон Азийн таван улс Нидерландын Holland America компанийн Westerdam аяллын хөлгийг боомтдоо нэвтрүүлэхээс татгалзаад байв.

Хэдийгээр тус хөлөг дээр аялж яваа 1,455 зорчигч, 802 ажилтны дунд шинэ коронавирусийн халдвар илрээгүй ч хүлээж авахаас эрс татгалзаж байсан юм.

Ганцхан Камбож улсын эрх баригчид зөвшөөрөл өгсөн тул өнөөдөр өглөө Westerdam хөлөг тус улсын Сихануквилл боомтод зогсохоор болжээ. 

Хөлөг хэдэн өдрийн турш энд саатаж, зорчигчдоо эрэгт буулгах юм байна. Зорчигчдыг Камбожийн нийслэл Пном Пен хот руу тусгай үүргийн нисэх онгоцоор хүргэж, цааш гэр гэрийн зүг үргэлжлүүлэн нисэхээр болжээ.

Holland America компани зорчигч бүрийн гэртээ харих нислэгийн зардлыг нь төлж, далайн аяллын төлбөрийг нь ч 100 хувь буцааж төлөхөөр болсон байна.

Westerdam хөлөг өнгөрсөн өдрүүдэд Япон, Тайланд, Тайвань, Гуам, Филиппиний боомтуудад нэвтрэх хүсэлт илгээгээд татгалзсан хариу авсан юм.

Дэлхий дахиныг айлгаж байгаа шинэ коронавирусийн халдвар далайн аялал жуулчлалын компаниудад хүндээр тусаад байгаа. Өнөөдөр Японы Йокохамагийн боомтод хөл хорионд орсон “Diamond Princess” хөлгөөс нийт 174 халдвар тээгч илрээд байна. Тус хөлөг дээр байгаа 3,700 орчим хүн 14 хоног үргэлжлэх хөл хорионы дэглэмд ороод байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.