Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Тайвань яваад ирсэн хүн нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Шинэ коронавирусийн 1,000 оношлуур өчигдөр Япон улсаас ирснийг Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яамны дипломат ажилтнууд хүлээн авжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 27-ны өдөр ирсэн 200 оношлуураас 30 гаруй нь үлдээд байсан энэ үед Японы Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хүрээлэнгээс 1,000 оношлуурыг илгээснийг хүлээж авлаа. 

Ийнхүү шинэ оношлуурууд нэмж ирснээр үндэсний хэмжээнд бэлэн байдлаа хангасан, чадвараа сайжруулсан явдал боллоо. Манай вируслогийн лабораторийн тоног төхөөрөмж нь АНУ, Японд хэрэглэдэгтэй яг адил бөгөөд манай эмч, мэргэжилтнүүд олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн байдаг. Тиймээс ард иргэд маань өөрийн улсын эмч мэргэжилтнүүд, тоног төхөөрөмждөө итгэлтэй байх хэрэгтэй" гэлээ. 

Түүнчлэн цахим орчинд "Тайвань яваад ирсэн хүн халуурч байгаад ХӨСҮТ-д хүргэгдэж нас барсан" гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тараад байгаа талаар тэрбээр "ХӨСҮТ-д шинэ коронавирусийн халдвар оношлогдоогүй бөгөөд энэ тохиолдлоор хүндэрч нас барсан явдал байхгүй. Ухань хотод суралцаж байгаад эх орондоо ирсэн оюутнуудын биеийн байдал сайн байгаа. Анхны шинжилгээгээр шинэ коронавирус илрээгүй, тэднийг дахин шинжилгээнд удахгүй оруулна" хэмээв.

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/145822316452981/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.