Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сарангэрэл: Шинэ коронавирусийн халдвар гарвал эхний ээлжинд ХӨСҮТ-д хүлээн авна

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн дэгдэлтийн үед эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангах  хувийн хамгаалах хэрэгслийг өнөөдөр ДЭМБ-аас салбарын яаманд хүлээлгэн өгсөн.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага шинэ коронавирусийн халдварын үед бэлэн байдлаа хангахад хамгийн түрүүнд ДЭМБ гараа сунган, туслалцаа үзүүлж байна.

Бид бэлтгэлээ хүний нөөц, тоног төхөөрөмж, эм тариа, хамгаалах хэрэгслийн хувьд ханган ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1,000 резидент эмч, өрхийн болон орон нутгийн эмч нараа шинэ коронавирусийн халдварын үед хэрхэн ажиллах талаар танхимын болон теле сургалтад хамруулаад байна.

Эрүүл мэндийн тусламжийн газар халдвар гарвал хэчнээн орыг ашиглах боломжтой талаар тооцоогоо гаргасан. Улсын хэмжээнд 15,000 гаруй ор байгаагаас 2,143 нь хувийн хэвшлийнх байна. Ингээд шинэ коронавирусийн халдварын үед 2,000 ор дэлгэх боломжтой гэсэн тооцоо гаргаад байгаа. Гэхдээ шинэ коронавирусийн халдварлах түвшин өндөр байгаагаас хамаараад УОК дээр нэг эмнэлгийг тусгайлан бэлдэх саналаа оруулсан.

Өчигдөр болсон онцгой комиссын хурлаар халдвар гарвал эхний ээлжинд ХӨСҮТ-д авч эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлэх, хувийн хэвшлийг дайчлах, онцгой байдлын ерөнхий газрын сувилалын газрыг ашиглах, нэн шаардлагатай тохиолдолд Цэргийн госпиталыг ашиглах шийдвэрүүдийг гаргасан.

Засгийн газар шуурхай хуралдаж, шийдвэрүүдийг гаргаад явж байна. Эхний ээлжинд 4.2 тэрбум төгрөг гаргаж өгснийг эмчилгээнд шаардлагатай эм тариа, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг авахад зарцуулж байна.

ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдварын үед шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт гаргасан. Тус жагсаалтад багтсан амьсгалын аппарат, дижитал рентген аппарат, тариурын болон дуслын шахуургууд гээд нэн шаардлагатайг нь худалдаж аваад явж байна. Хоёрдугаар сарын 25-н гэхэд бэлэн байдлаа хангах нөхцөл бүрдсэн" гэдгийг хэллээ.

Цэргийн төв эмнэлгийг бүрэн чөлөөлжээ

 

Мөн ЭМЯ-ны хэвлэлийн албанаас шинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай албаныхан танилцсан талаар мэдээлсэн.

Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулжээ. Түүнчлэн есөн давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэн ажиллуулж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах ажлын хуваарь гарган мөрдөж ажиллаж байгаа юм байна.

Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсаны зэрэгцээ коронавирусийн халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа аж.

Тус эмнэлгийн удирдлагууд халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх, тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техникийг бэлтгэснээ танилцуулсан байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.