Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Балжинням: Тахианы махыг бүтээгдэхүүн болгон гаргадаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комиссын хоёрдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-аас тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөг импортлохыг хориглосон.

Үүнтэй холбоотойгоор НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжиннямаас зарим зүйлийг тодрууллаа.

- Гаднаас тахианы мах импортолдог хэчнээн аж ахуйн нэгж байдаг юм бэ. Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрт мэргэжлийн хяналтын байгууллага хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа бол?

- БНХАУ-д шувууны томуугийн дэгдэлт гарсантай холбоотойгоор Улсын Онцгой комиссын 03 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар болон ХХААХҮ-ийн сайдын тушаалаар хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар тус улсаас хилээр шувуу, шувууны мах, үржлийн өндөг, хүнсний өндөг, тэжээл импортлохыг түр хориглосон.

Тушаал гарснаас хойш тахианы мах импортолдог аж ахуйн нэгжүүд дахин импортлоогүй.

Импортын хяналт шалгалтыг тухай Хилийн мэргэжлийн хяналт болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хорио цээрийн хяналтын хэсэг хийж, хилээр нэвтрүүлдэг.

БНХАУ-аас тахианы мах импортолдог 20 гаруй аж ахуйн нэгж бий.

Одоогоор таван аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар агуулахын стандартын шаардлагад хамрагдах тодорхой зөрчлүүд илэрсэн бөгөөд тухайн аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн хүрээнд арга хэмжээ авсан.

Зөрчлөөс дурдвал, агуулахын бүртгэлийн дэвтэр байхгүй, агуулахад хадгалахдаа бараа бүтээгдэхүүнийг хананаас зайтай өрөөгүй, ажилчид нь эрүүл  мэндийн үзлэгт ороогүй гэж мэт зөрчлүүд илэрсэн байна.

Өндөгний хувьд БНХАУ-аас манайх импортолдоггүй.

- БНХАУ-аас импортолдог тахианы махыг бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаа нь хэрхэн явагдана гэсэн үг вэ. Тухайлбал, KFC шиг дан тахианы махан бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд?

- Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлдэг 3,800  аж ахуйн нэгж бий. Үүнээс KFC Улаанбаатар хотын хэмжээнд 10 гаруй салбартай бөгөөд тухайн компани өөрөө тахианы махаа импортоор оруулж ирж, бүтээгдэхүүн болгон үйлчилдэг.

2020 оны нэгдүгээр сарын байдлаар импортлох зөвшөөрөлтэй 10 аж ахуйн нэгж, 31 удаагийн татан авалтаар 1,227.4 тонн тахианы мах импортолсон байна.

Энэ бол тушаал гарахаас өмнө импортолсон тахианы мах, махан бүтээгдэхүүн гэсэн үг. Тухайн бүтээгдэхүүн улсын хилээр орж ирэхдээ холбогдох бичиг баримтын хамт, шинжилгээнд хамрагдаж орж ирсэн.

Импортлогдсон бүтээгдэхүүний хувьд Улсын Онцгой комиссын гуравдугаар хуралдаанаас өгсөн чиг үүргийн дагуу тахианы мах импортолдог аж ахуйн нэгжүүдийн агуулахад хийх хяналт шалгалт одоо ч үргэлжилж байна.

Бүтээгдэхүүн болгон гаргадаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж бодож байна. Учир нь энэ бол түр хугацаагаар л хаасан шийдвэр.

Импортын хориг тавигдах юм бол цааш жигдрээд явна.