Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Салхитын мөнгөний ордтой холбогдсон шүүгчдийн шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардав

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хүний төлөө нам, Монгол консерватив нам зэрэг нам холбоодоос өнөөдөр нийгмийн сүлжээнд тархаад буй УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бичлэг болон Салхитын мөнгөний ордтой холбогдсон шүүгчдийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт "УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан тодорхой этгээдүүдтэй ярилцаж байгаа бичлэг тарсан. Хэн цацсан нь үл мэдэгдэх энэхүү бичлэгийн асуудлаар Засгийн газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллагад шаардлага хүргүүлнэ.

Уг шаардлагаараа хэн нэгнийг буруутгах гээгүй бөгөөд Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүний халдашгүй дархан байх эрх, хуульд заасан үндэслэл журмаас гадуур мөрдөж мөшгих, чагнах, тагнахыг хориглосон хуулийн заалт яагаад мөрдөгдөхгүй байгааг тодруулна.

Түүнчлэн тэрхүү бичлэгт яригдсан байгаа зүйл нь ямар цаг хугацаанд хамаарагдах талаар тодруулахыг шаардаж байгаа" гэв. 

Мөн УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед хувь хүний нууцад халдах, эрх мэдэл бүхий төрийн албан хаагчдын элдэв бичлэг, эвлүүлэг их цацах гэх мэт нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл байдал бий болоод байгаа учраас хууль хяналтын байгууллага анхаарах ёстой гэдгийг тэд онцолсон юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Салхитын мөнгөний ордтой холбогдсон нэр бүхий шүүгчдийн эрүүгийн хэргийн шүүх хурал хоёрдугаар сарын 21-ний өдөр товлогдсон аж. Түүнтэй холбоотойгоор Монголын консерватив намын дарга Н.Дашдаваа "Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор шүүгч нар шүүгчээ шүүх хурал болох гэж байна. Энэхүү шүүх хурлыг нээлттэй явуулахаар Улсын Дээд шүүхийн Тамгын газарт хүсэлт хүргүүлэх байр суурьтай байгаа.

Нээлттэй явуулснаар бодит байдлыг иргэдэд ойлгуулах, гэмт хэргийн шинж чанартай үйл явдлыг бодит мэдээллийг өгөх нөхцөл хангагдана гэж үзэж байна" хэмээлээ. 

Түүнчлэн Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт "Монголын шүүхийн байгууллагаар жилдээ 100,000 орчим хэрэг шийдэгддэг. Хүний хувь заяаг эцэслэн шийддэг хууль хяналтын байгууллага, шүүгчдэд итгэх эсэх асуудлыг шийдэх гэж байгаа учраас шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж, холбогдох газарт нь шаардлага хүргүүлж байгаа" гэв.