Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Diamond Princess” хөлөг Хятадаас гадна орших коронавирусийн тархалтын хамгийн том голомт боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Йокохамагийн боомтод саатуулагдсан “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс коронавирусийн халдвартай 39 хүн шинээр илэрснийг Японы эрүүл мэндийн яам өнөөдөр зарлажээ.

Ингэснээр тус хөлгөөс нийтдээ 174 өвчтөн илрээд байна.

“Шинээр ирсэн 53 шинжилгээний хариунаас 39 нь эерэг гарлаа” гэж тус улсын эрүүл мэндийн сайд Кацунобу Като сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Diamond Princess” хөлгөөр аялаад ирсэн Хонг Конгийн иргэн коронавирусийн халдвартай нь тогтоогдсоны дараа тус хөлгийг өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Йокохамагийн боомтод ирэхэд нь хөл хорионы дэглэм тогтоосон юм.

Нийт 174 халдвар бүртгэгдсэнээр “Diamond Princess” хөлөг Хятадын газар нутгаас гадна орших шинэ коронавирус тархалтын хамгийн том голомт болж байна.

Хөлөг дээр багийн гишүүн, зорчигч нийлсэн 3,711 хүн байгаа юм.

Одоо хөлгийн зорчигчид өрөө өрөөндөө хоригдож байгаа бөгөөд хөл хорионы дэглэм хоёрдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх ажээ.

Ази тивээр аялж яваа Holland America компанийн 2,257 хүнтэй Westerdam хөлгийг Тайланд улс өчигдөр хүлээж авахаас татгалзсан нь коронавирусийн аюулаас болгоомжилсных байв. Одоогоор зорчигчдынх нь дунд вирусийн халдвар илрээгүй байгаа тус хөлгийг нийтдээ таван улс боомтдоо нэвтрүүлэхээс татгалзжээ.

Гэхдээ хоол хүнс, түлшний нөөц нь дуусах дөхөж байгаа Westerdam хөлгийг олон улсын хууль тогтоомжийн дагуу аль нэг улс хүлээж авахаас өөр аргагүй болно гэж далайн тээврийн мэргэжилтнүүд үзэж байна.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.