Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирустэй холбоотой нөхцөл гуравдугаар сараас цааш үргэлжилбэл эдийн засагт болоод ЭТТ компанид сөргөөр нөлөөлнө"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ шинэ коронавирустэй холбоотой нөхцөл гуравдугаар сараас цааш үргэлжилбэл эдийн засагт болоод компанид сөргөөр нөлөөлнө гэдгийг хэллээ. 

Тэрбээр "Онцгой комиссоос шийд гарсан. Ямар ч оны 12, 1 сард экспорт багасдаг. Өмнөх оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хараад БНХАУ-ын тал дараа жил авах нүүрсний хэмжээгээ тогтдог бөгөөд сар орчим үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сар гэхэд БНХАУ тухайнд жилд хэдий хэмжээний коксжих болон эрчим хүчний нүүрс импортлох, түүнээс хэдэн хувийг нь Монгол Улсаас авах зэрэг төлөвлөгөөгөө гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор нүүрсний экспорт нэгдүгээр сард бага байдаг бол хоёрдугаар сарын дундаас хойш нэмэгддэг. 

Харин энэ жилийн тухайд шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор хилийн хориг тавьсан. Энэ сарын 15-наас хойш нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг бид авна. Экспортын хувьд нөлөөлж болох зүйлс байна. 

Нэгдүгээрт, манай гаалийн хяналтын бүсээс худалдаж авсан компаниуд нүүрсээ Цагаан хад дээр очиж овоолдог. Ийнхүү гаалийн хяналтын бүсээс нүүрс аваад гарахад төсөвт орлого нь орж байдаг, экспортод гараагүй ч. Тиймээс энэ хүрээнд орлого тасалдахгүй явж байгаа. 

Хоёрдугаарт, богинын тээвэр. Энэ тээвэр зогсчихоор экспорт зогсоно. Тэгэхээр Цагаан хадны овоолготой холбоотой орлого багасна гэсэн үг. 

Гуравдугаарт, үнийн асуудал. Үнэ харьцангуй тогтвортой байсан. Ерөнхийдөө 2019 тавдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл үнэ унасан. Арванхоёрдугаар сард гайгүй явж байгаад нэгдүгээр сард коронавирусийн халдвартай холбоотойгоор унаад байна. 

Гэхдээ бид тогтвортой барихын тулд экспортын бодлоготойгоо уялдуулаад үнийн бодлогоо зөв бариад явж байгаа учраас одоохондоо ЭТТ болон түүний хамаарал бүхий компанид орлогын алдагдал харьцангуй бага байна. Харин энэ байдал удаан үргэлжилбэл эдийн засагт болоод манай компанид сөргөөр нөлөөлнө. 

Компани 2020 оны хоёрдугаар сарын 12-ны байдлаар 1.1 орчим сая тонн нүүрс Цагаан хад болон экспортын журмаар борлуулчихаад байгаа. Экспортын орлого 1.3 сая орчим тонн байсантай харьцуулахад 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 

Гуравдугаар сарын 2-ноос хойш хэрэв энэ нөхцөл байдал үргэлжилбэл компанийн ашиг орлого, эдийн засгийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлнө. Тэр тусмаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах гэж байгаа энэ үед сөрөг нөлөөлнө. Гэхдээ үүнээс урьдчилан сэргийлэх эрсдлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 

2020 онд нүүрсний экспортын орлогоос 1.1 их наяд төгрөг олно гээд төлөвлөсөн. Энэ хүрээнд ЭТТ 2020 онд ТУЗ-өөс баталсан төлөвлөгөөгөөр 540 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр байгаа. Одоогийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч нөхцөл байдал удаан үргэлжилбэл сөргөөр нөлөөлнө" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.