Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Ухань хотын иргэдэд туслах аяны хүрээнд хоёр сая гаруй төгрөг хуримтлагдаад байна”

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциац(МХХААҮА) болон Монгол-Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс БНХАУ-тай он удаан жилийн түүхэн, найрсаг харилцаанд тулгуурлан хөгжиж байгаагийн хувьд Хятадын ард түмэн, Хубэй мужийн Ухань хотын иргэдэд туслах "Нэг хүн -1,000 төгрөг хандивлая" аяныг энэ сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр тус хандивын аяныхаа талаар зохион байгуулагчид нь дахин мэдээлэл хийсэн юм. 

“Өнөөдрийн байдлаар 43,000 гаруй хүн халдвар авсан бөгөөд халдварын нууц байдал нь 24 хоног байж магадгүй гэсэн мэдээлэл гарч байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Энэ вирус зөвхөн Хятад улсын асуудал биш, дэлхий нийтийн асуудал. Бид "Нэг хүн -1,000 төгрөг хандивлая" аяныг сарын хугацаатайгаар буюу гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зарласан. Одоогийн байдлаар хоёр сая гаруй төгрөг хуримтлагдсан байна. 

Жишээ нь, нэг хүү өөртөө хадгалж байсан 5,000 төгрөгөө эмээгийнхээ мөнгөтэй нийлүүлээд хандивласан. Гэр бүлийн гишүүд нийлээд явуулсан гэх мэт сайхан сэтгэлт ард түмнээс хандив ирсээр буйд баяртай байна" хэмээн тус ассоциацын ерөнхийлөгч, Монгол-Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат мэдээллийн эхэнд онцлов. 

Гуравдугаар сарын 2-нд дансаа хаагаад, цугларсан мөнгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад "Ухань хотын иргэдэд" хэмээн хаяглаад хүргэж өгнө.
 
Гэрэл зургийг MPA.mn

Түүнчлэн тэрбээр "Надад ирсэн мэдээллээр Монгол Улсын Засгийн газраас 200,000 ам.долларын туслалцаа хөрш орондоо үзүүлсэн. Өчигдөр МҮХАҮТ-ын бизнесменүүд хамтраад 140 сая, Урлагийн ажилтны холбооноос гурван сая, Монголын энхтайван найрамдлын холбооноос 15 сая төгрөгийн хандивыг өгсөн гэж байна.

Бид 60 гаруй ААН, банк, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүсэлтээ илэрхийлж байгаа билээ. ХААН банкны аяны данс маань зарлага гарахгүй, зөвхөн орлого орох боломжтой. Мөн гуравдугаар сарын 2-нд дансаа хаагаад цугларсан мөнгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад "Ухань хотын иргэдэд" хэмээн хаяглаад хүргэж өгнө. Энэ үеэр ч гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулна.

Хандивын аяныг өргөн хүрээтэй зохион байгуулах үүднээс хайрцаг аялуулахаар төлөвлөж буй бөгөөд аймгуудын Засаг дарга нарт бас бичиг явуулахаар бэлдэж байна. Хандив өгсөн бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлье. Мөнгө их, багадаа биш учраас хандив өргөж амжаагүй байгаа сайхан сэтгэл ард түмэн та бүхнийгээ аянд идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв. 

МХХАҮА-ын дэд ерөнхийлөгч Ш.Төмөрсүх “Монголд коронавирус илрээгүй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бид сайтар урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Энэхүү хандивын аянд монголчууд маань идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв. 

Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийн тэргүүн Б.Энхболд “Өнөөдөр бидний дунд гэр бүлд хамаардаггүй нэг ч хүн байхгүй. Улсаас шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй явдалд талархаж байна. Харин одоо гэр бүл болгон өөрсдийгөө сахин хамгаалж, хариуцлагаа ухамсарлаж чадвал бид энэ өвчнийг даван туулж чадна. Монголынхоо гэр бүлүүдийг төр засгийн шийдвэрийг дэмжиж, халдварт өвчнөөс сэргийлэхийг уриалмаар байна” гэв.

Хандивын данс: 5041577857 /Хаан банк/
Аян зохион байгуулагчидтай холбогдох утасны дугаар: 99182928, 95607555, 80104228

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.