Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Шинэ коронавирусийн өндөр эрсдэлтэй Гурван тэс суманд 4,000 гаруй хүн уурхай руу дайрч, чулуу олборлож байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 12
iKon.MN

Өмнөговь аймгийн Гурван тэс суман дахь “Баатарван транс” компанийн тусгай зөвшөөрөл бүхий улаан хас чулууны уурхай руу иргэд олноороо дайрч, чулуу олборлож байгаа талаарх мэдээлэл манай редакцад ирсэн юм. 



Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 15-наас хойш давхардсан тоогоор 4,000 гаруй хүн цуглан, уурхай руу дайрч, хууль бусаар олборлолт явуулж байгаа ажээ.

Орон нутгийн ИТХ, Цагдаа, Онцгой байдлын газраас шаардлага хүргүүлж, газар дээр нь ирж тараасан ч иргэд буцаж ирж, хүч хүрэлцэхгүй байгаа аж. “Иргэдийн дунд насанд хүрээгүй хүүхдүүд, оюутан залуучууд, өндөр настнууд олноороо байгаа аж. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын чулууны ченж иргэд БНХАУ-ын чулууны ченж нартай нийлж, улаан хас чулууг маш өндөр үнээр газар дээр нь худалдан авч байгаагаас үүдэн иргэд ийнхүү өдөр, шөнөгүй газар ухаж, улаан хас чулууг олборлож байна. Тэдний дунд зөвхөн Гурван тэс сумаар зогсохгүй ойролцоо орон нутгийн хүмүүс ч байгаа бөгөөд иргэд олноороо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар цуглаж, хүрз, зээтүү, оскоф гэх мэт багаж хэрэгсэлтэйгээр гар аргаар олборлолт явуулсаар байна” хэмээн тус уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Баатарван транс”-ийн менежер мэдээлсэн. 

БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор олон нийтийг цуглуулж, хамруулсан үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргаж, халдвараас сэргийлэх ажлуудыг Засгийн газраас хийж буй. Гэтэл Шивээ хүрэн боомтоор БНХАУ-тай холбогддог гэдэг утгаараа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй Гурван тэс суманд ийнхүү иргэд мянга мянгаараа цуглаж, хууль бус олборлолт явуулж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд халтай ноцтой зөрчил билээ.

Ийм бид тус сумын Засаг дарга О.Баттогтохтой холбогдож тодруулахад “Уурхайн талбай руу иргэд олгоороо дайрч, олборлолт явуулж байгаа нь үнэн. Бид цагдаа, онцгой байдлынхантайгаа хамтраад ч хүч хүрэлцэхгүй байв. Харин өчигдөр Өмнөгөвь аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж, өнөөдрөөс 20 хүнтэй нэмэлт хүч ирж байна. Тэгэхээр асуудал шийдэгдчих байх. Манай аймгийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа” гэлээ. 

“Баатарван транс” компани MV-020855 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд 2018 оны тавдугаар сараас 2019 оны наймдугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Гурван тэс сум, Урт багийн нутаг дэвсгэрт Улаан хас чулуу “Конгломерат” олборлох үйл ажиллагаа явуулж байсныг нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүчингүй болгон, талбайг нь лацадсан байжээ. Уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байх зуур иргэд ийнхүү олноороо талбай руу нь дайрч, гар аргаар олборлож эхэлсэн байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.