Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн нэгдсэн холбооноос улсын хилийг 24 цагийн дотор бүрэн хаахыг шаардав

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэдийн нэгдсэн холбооноос хил хаах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусээс сэргийлэхийн тулд Монгол Улс 24 цагийн дотор хилээ бүрэн хаах ёстой гэж үзэж байгаа аж.

"Цагаан сар тэмдэглэх үгүйгээс илүү хилээ хаах талаар эхлээд шийдэх хэрэгтэй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэн Г.Алтанцэцэг "Монгол Улс өнөөдрийн байдлаар долоон боомтыг хаагаагүй. Дэлхийн олон орон хилээ хааж байхад манайх хилээ хаахгүй байгаа нь хэн нэгний даалгавар гэх хардлага төрж байна.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл өгч байгаа хэдий ч хилээ хаагаагүй байгаа тохиолдолд бид тайван байж чадахгүй.

Өнөөдөр бид Цагаан сар тэмдэглэх үгүйгээс илүү хилээ хаах талаар эхлээд шийдэх хэрэгтэй.

Иргэд урьдчилсан сэргийлэх ажлыг сайн хэрэгжүүлсэн ч хил хаагаагүй байхад нэмэргүй. Иргэдийн үндэсний аюулгүй байдлаас илүү эрхтэй хил гааль гэж байх ёсгүй. Тиймээс 24 цагийн дотор улсын хилийг хаах ёстой. Хил хаасны дараа иргэн бүр анхааралтай байх боломжтой" хэмээн ярив.

"Монгол Улс хэтэрхий задгай байна. Дарга нар ард түмнээ бодохгүй байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэн Ж.Эрдэнэзаяа "2019 оны байдлаар улсын хэмжээнд 70 мянга орчим хүн уушгины хатгаагаар өвчилсөн байна. Ханиад томуугийн дэгдэлт ийм их байхад тэр өвчин ороод ирвэл бид барьж тогтоож чадахгүй.

Зарим боомтуудаар гадны иргэд орж ирж байна гэх мэдээлэл хүртэл сошиалаар явж байна. Монгол Улс бүх боомтоо хэсэгхэн хугацаанд хаагаад түр харах хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд жижиг зүйлээр шоу хийх хэрэггүй. Монгол Улс хэтэрхий задгай байна. Дарга нар ард түмнээ бодохгүй байна" гэлээ.

"Зарим гаднын эрдэмтэд энэ өвчнийг биологийн зэвсэг гэж үзэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэн Ж.Батболд  "Дэлхийн улс орнууд голомтоос ирсэн хятад иргэдийг 14 хоног тусгаарлаж, шинжилгээ авч эрүүл гэж үсэн тохиолдолд нэвтрүүлж байна. Шинэ коронавирусийн далд үе 10 гаруй хоног байдаг.

Хэрвээ улсын хилээр нэг хүн өвчний нууц үедээ ороод ирвэл яах вэ. Манай улс гуравхан сая хүн амтай.

Зарим гаднын эрдэмтэд энэ өвчнийг биологийн зэвсэг гэж үзэж байна. Ийм мэдээлэл яваад байхад манай улс наймаагаа хийхийн тулд ард иргэдээ шууд эрсдэлд оруулах хэрэг үү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, төр засаг хилээ онгорхой байлгаснаараа иргэдээрээ шууд тоглож байна.

Францын зарим судлаачид уг вирусийн вакциныг 20 сарын дараа гаргаж авна гэсэн мэдээлэл ч байна. Монгол хүний амь хамгийн үнэ цэнэтэй асуудал. Төр засаг маань эдийн засгийн ашгаа ардаа орхиод иргэдийнхээ эрүүл мэндийг бодоосой. Үүнд шийдвэртэй хариу өгнө гэж итгэж байна" гэлээ.

"Бид 24 цагийн дараа хариугаа авна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн "Манай улс хатгаагаар өвдсөн хүүхдээ ч эмчилж чадахгүй чадамж муутай. Гэтэл хилээ хаахгүй байсаар байна. Бид яаралтай хилээ хаах хэрэгтэй гэж үзэж байна. Бид 24 цагийн дараа хариугаа авна" гэж иргэн Б. Болор-Эрдэнэ хэлсэн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.