Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурт коронавирусийн халдвар авсан иргэдийн хамгийн бага нь 6 сартай нярай байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Сингапур Улсад өчигдрийн/2020.02.10/ байдлаар шинэ төрлийн коронавирусийн тохиолдол гурван хүнээр нэмэгдэж нийт 43 хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Тэдгээрийн 21 нь Сингапурийн иргэн байна. 

Халдвар авсан иргэдээс насны хувьд хамгийн ахмад нь 75 настай, хамгийн залуу нь 6 сартай нярай байна гэж Монгол Улсын консулын албанаас мэдээлэв.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн халдвар 28 улсад бүртгэгдээд байна. Тус улсад энэ оны нэгдүгээр сарын 23-нд шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж байв. 

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

  1. Гараа сайн савандаж угаах
  2. Амны хаалт зүүж хэвших
  3. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гурван зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна.

Харин хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн тохиолдол 45 бүртгэгдээд байна. 5.6 сая хүн амтай улс энэхүү тоог аюултай хэмжээнд хүрч байна гэж үзэж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 7-ноос Өвчний дэгдэлтийн хариу урвалын системийн байдлын хэмжээ (Disease Outbreak Response System Condition-DORSCON Level) – улбар шар түвшинд шилжүүлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Нийт хүн амын 35 хувийг гадаад улсын иргэд эзэлдэг Сингапур Улсын хувьд үүсээд буй шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар Сингапур дахь Дипломат корпусын төлөөлөгчдөд мэдээлэл өгөв.

Сингапурын тал аль болохоор нээлттэй байж, тус улсад үүссэн нөхцөл байдал болон төрийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр авч буй арга хэмжээг танилцуулсан байна.

Түүнчлэн Дипломат төлөөлөгчийн газруудыг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд олныг хамарсан хурал цуглаан, арга хэмжээ, хүлээн авалт зэргийг зохион байгуулахгүй байх, хугацаа товлогдсон арга хэмжээнүүдийн товыг хойшлуулж, цуцлахыг уриалав.

Сингапур Улсын хувьд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй хуурамч мэдээлэлд иргэдээ автахгүй байх, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй албан ёсны мэдээлэл, заавар, зөвлөгөөг дагахыг уриалж байгаа бөгөөд Дипломат төлөөлөгчийн газруудыг мөн өөрийн улсын иргэддээ уриалахыг хүсэлт болгожээ.

Өвчний дэгдэлтийн хариу урвалын системийн байдлын хэмжээ (DORSCON Level) “Улбар шар”-д шилжсэнтэй холбогдуулж олон нийтийн дунд үймээн үүсч, дэлгүүрүүдэд хүнсний болон ахуйн хэрэглээний өдөр тутмын бүтээгдэхүүний хомсдол үүссэн нь олон нийтийн хэтрүүлгээс шалтгаалсан зүйл хэмээн тайлбарлаж, эдгээр төрлийн бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг мэдэгдэв.

Засгийн газраас өрх бүрт үнэ төлбөргүй тарааж буй амны хаалтыг гадаад улсын иргэд ч авах боломжтой бөгөөд оршин сууж буй албан ёсны хаягийг нотлох аливаа төрлийн баримт бичгээ үзүүлж авах боломжтой юм байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусын тархалтаас “нэг алхмын өмнө” байх бодлого баримтлан ажиллаж, халдварын тархалтын гинжин холбоог нарийвчлан шалгаж тархалтыг барьж, зогсоох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн үйлчилгээ, нөөц бололцоог үр дүнтэй ашиглахад анхаарч байгаа аж.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.