Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Золжаргал: Монгол Улс энэ оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо алдах нь тодорхой болчихлоо

Ц.Баасансүрэн, Өдрийн сонин
2020 оны 2 сарын 11
Өдрийн сонин
Зураг зураг

Улсын онцгой комисс нүүрсний тээврийг гуравдугаар сарын 2 хүртэл зогсоох шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Тодруулж хэлбэл, нүүрсний экспорт түр хугацаанд зогсож байна. Энэ шийдвэр гарахын өмнөхөн “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалаас нүүрсний экспортын явц байдлын талаар тодруулснаа хүргэе.

-Нүүрсний экспорт ямархуу байна вэ?

-Байдал сайн биш байна. 1,000 гаруй машин гардаг Гашуунсухайтын боомтоор өдөртөө 100 гаруй машин л гарч байгаа. Шивээхүрэнгээр 800 орчим машин гардаг байсан бол одоо 100 хүрэхгүй байна.

Хятадын Цагаан сарын амралтын үеэр нүүрсний экспорт багасдаг л даа. Цагаан cap нь дууссаны дараа нүүрсний экспорт нэмэгддэг. Жил бүр ийм циклтэй байдаг юм. Гэтэл энэ жил коронавирусийн дэгдэлтээс болж цаад тал амралтаа сунгачихлаа. Бас хөл хорио тогтоочихсон. Ийм шалтгаанаар худалдаачид нь нүүрсээ авч чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, эрэлт буурсандаа биш, хөдөлгөөн хязгаарлагдчихлаа. Хил рүүгээ дөхөж ирэхийн тулд зөвшөөрөл авна. Эмнэлэг гэх мэт байгууллагууд нь бүгдээрээ ачаалалтай. Байдал ийм байгаа учраас нүүрс нийлүүлэлт явахгүй байна.

Манай талаас нүүрс нийлүүлэх гээд очихоор бөөгнөрөл үүсээд гаргаж чадахгүй байгаа. Хоёр дахь шалтгаан нь Хятад, Монголын хамтарсан тээврийн байгууллагатай хамаатай.

Нүүрс тээвэрлэдэг машинуудын ихэнх нь Хятад талдаа байдаг. Бүр тодруулж хэлбэл, Хятадын Цагаан cap гээд амарчихаар монгол жолооч нарын нүүрс тээвэрлэдэг байсан машинуудыг Хятад талын эзэмшигчид нь өөрийн улсынхаа нутаг дэвсгэрт аваачаад тавьчихсан гэсэн үг. Хилээр хүн гарахыг хориглосон учраас машиндаа хүрч чадахгүй асуудал байна л даа.

-Жолооч нь машинаа авч чадахгүй яваа нь нүүрсний тээвэр гацсан бас нэг шалтгаан байх нь ээ?

-Тийм шалтгаан байна. Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд боомтуудаар явсан байна лээ. Эрүүл ахуй, аюулгүй байдлаа яаж анхаарч байна вэ гэдэг талаас нь харсан болов уу. Нүүрсний тээврийн асуудлын тухайд өнөөхөндөө цаг үеийн гарцаагүй шалтгаан гэх мэт тайлбар байгаа ч яг энэ хэвээрээ удвал нөхцөл байдал хэцүүднэ.

-Нүүрсний экспорт тасарвал төсөвт орж ирэх мөнгөний хэмжээ огцом буурна гэдэг утгаар хэлж байна уу?

-Яг тийм. Ийм шалтгаан байгаа учраас онцгойлж анхаарах ёстой асуудал гэж хэлэх гээд байна л даа. Энэ хэвээр удвал эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тиймээс харуул хамгаалалт, өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж хилийн цаана байгаа машин тэргийг оруулж ирэх гэх мэт гарцуудыг хайх хэрэгтэй.

-Нүүрсний экспорт бараг л хийгдэхгүй байна гэж ойлголоо. Тэгэхээр нэгдүгээр улирлын экспорт лав тасарч байгаа юм байна...?

-Яалт ч үгүй тэгж байна. Монгол Улс 2020 оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо алдаж байна. Манай улсын экспортын гол орлого нүүрснээс орж ирдэг гэдэг утгаараа эдийн засагт маш том таагүй мэдээ.

-Нүүрсний экспортоо сайжруулах ямар гарц байна, бид юунд найдах вэ?

-Коронавирусийн халдвар буурах зураг харагдахгүй байна. Халдвар буурлаа гэж өөдрөгөөр төсөөлье. Дөрөвдүгээр сараас экспорт сэргэлээ гэж бодвол дөрвөөс аравдугаар сарын хугацаанд бүрэн хүчин чадлаа ашиглаж ажиллах гарц бий. Ингэж чадвал энэ байдлаас хямарчихгүйхэн шиг гарах боломж бүрдэж магадгүй.

Вирусийн халдвараас болоод хил гаалийн үйл ажиллагаа удааширснаас гадна Хятадын уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Цагаан сараараа амраад явсан ажилчид нь буцаж ирж чадахгүй байгаа учраас.

Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирэх хэмжээ болон дотоодын олборлолт нь багасчихсан гэсэн үг. Гэтэл нөгөө талд гангийн үйлдвэрлэл явж байгаа. Энэ тохиолдолд түүхий эдийн хомсдол үүсэх нь тодорхой. Ийм шалтгаанаар зарим газар коксийн үнэ бага зэрэг өсөх хандлага байна. Ийм шалтгаанаар нүүрсний үнэ бага зэрэг өсөж таарна.

Шивээхүрэнгээр 800 орчим машин гардаг байсан бол одоо 100 хүрэхгүй байна.

Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл. Өнгөрсөн долоо хоногт биржүүд дээр гангийн үнэ бага зэрэг унасан. Энэ байдал хэрэглээ талд нөлөөлж болзошгүй. Яг энэ янзаараа удаан хугацаанд явбал барилга бүтээн байгуулалтын ажил удаашрах нь тодорхой.

Бүтээн байгуулалт удааширвал гангийн эрэлт уруудна, тэр хэрээр коксжих нүүрсний эрэлт буурна. Ингэвэл бидэнд таатай нөлөө үзүүлэхгүй. Гэвч өнөөдрийн байдлаас харахад эрэлт буурсан гэх шалтгаан алга. Зохион байгуулалтын хүндрэлтэй асуудлууд л байна.

Сая Австралид далайн шуурга болох сургаар төмрийн хүдрийн үнэ эргээд өсөж байх жишээний. Гангийн үйлдвэрүүдийн нөөц багасаж байна. Тэгэхээр зөвхөн биржийн үнийн савлагааг анзаараад ирээдүйд яах тухай таамаглахад хэцүү. Тоймлоод хэлбэл, богино хугацаандаа нөөц багасаж эхэлсэн, тэрийгээ дагаад үнэ бага зэрэг өсөх таамаг байна.

Вирусийн тархалт буурлаа гэж бодоход “өлсгөлөн” үйлдвэрүүдэд түүхий эд хэрэгтэй болно оо доо. Тэр үед буюу дөрөвдүгээр сард бид бэлэн байх ёстой.

-Бэлэн байдлаа хангахын тулд яах ёстой вэ?

-Бүх машин тэргээ татаж аваад тээврийн бэлэн байдлаа хангачихсан байх ёстой. Хоёрдугаарт, хил гаалийн ажиллагаа цагийн хуваарьтай. Цаад талаас цайны цаг, жимсний цаг, дессерт иддэг цаг гэх мэтээр өдрийн хэдхэн цагийн бараг талыг нь амраад өнгөрөөчихдөг.

Нүүрс хүлээж авдаг цагаа уртасгах хүсэлтийг аж ахуйн нэгжүүдийн зүгээс удаа дараа гаргаж, засагт хандаж яваа. Хятадын талд түүхий эд хэрэгтэй. Вирусийн тархалт хэцүүхэн байгаа ч түүхий эдийн хэрэгцээ хэвээр гэх мэт шалтгаанууд бий. Тархалт буураад нүүрсний экспорт импорт буцаад сэргэвэл аль аль тал нь хурдан ажиллах хэрэгтэй болно.

Өөрөөр хэлбэл, цагийг нь уртасгаад хилээр шуурхай нэвтрүүлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүснэ.

Гашуунсухайтаас гадна Шивээхүрэн дээр гаалийн хяналтын лаборатори хэрэгтэй байгаа. Энэ мэт бэлтгэлээ сайн хийгээд дайрч чадвал алдсан нэг улирлын экспортоо нөхөх боломж бүрдэх байх.

-Вирусийн тархалт буурахгүй өсөөд байвал ямар эрсдэл үүсэх бол?

-Нөгөө талдаа эрэлт буурна. Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засагт өсөлт саарна. Энэ тохиолдолд нүүрсний хэрэглээ багасна. Товчхондоо бидний гаргахаар төлөвлөсөн хэмжээнд нүүрсний экспорт хүрэхгүй. Тодруулж хэлбэл валютын орлого буурна. Цалин тэтгэвэр тавих асуудал хүндэрнэ. Инфляц өснө.

-Хятадын хувьд нүүрсний эрэлт нь ихэсдэг хугацаа гэвэл хэдээ хэдэн сарыг хамардаг вэ?

-Ер нь дөрөвдүгээр сараас эхэлж өсөөд наймдугаар сард оргилдоо хүрч, аравдугаар сараас уруудаж эхэлдэг. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хэрвээ төмөр замтай байсан бол өнөөдөр ийм хүндрэл үүсэхгүй байсан.

-Нүүрс экспортолдог компаниуд зогсолтын байдалд байна уу?

-Ер нь тийм байгаа. Ихэнх том техникүүдээ зогсоочихсон. Шаардлагатай үед бага хэмжээний ачилт хийсэн маягтай байх шиг байна. Зарим нь ажилчдаа амраачихсан байгаа.

-Ердийн үед гаргадаг экспортын хэчнээн хувьд хүрч байна, нүүрсний экспорт?

-Ердийн үед гаргадаг хэмжээний арав гаруй хувьд ч хүрэхтэй үгүйтэй байна.

-Вирусийн тархалт үргэлжлээд байвал урд хөрш нүүрс импортдоо ямар бодлого барих бол?

-Байдал таны асуусанчлан муугаар эргэвэл Хятад улс дэд бүтэц сайтай улсуудаас нүүрс импортлох талд анхаарч эхлэх байх. Жишээ нь, ОХУ байна.

Хойд хөрш Хятад руу гаргадаг нүүрсний хэмжээгээ өнөө жил хоёр дахин нэмнэ гээд төлөвлөчихсөн яваа. Дэд бүтцийн хувьд тэдэнд бидэн шиг машинаар тээвэрлэнэ гэсэн асуудал байхгүй.

Төмөр зам, далайгаар урд хөршийн зах зээлд хүрч байгаа. Тэгэхээр бид онцгой нөхцөлд эдийн засгаа сөхрөөчихгүйхэн шиг нүүрс экспортоо хэрхэн хийх вэ гэдэг дээр төлөвлөгөө, бодлоготой ажиллах хэрэгтэй.

Хойд хөрш Хятад руу гаргадаг нүүрсний хэмжээгээ өнөө жил хоёр дахин нэмнэ гээд төлөвлөчихсөн яваа.

Засгийн газар энэ жил 42 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөхдөө нэг зүйлийг онцгойж тодотгосон. Тодруулж хэлбэл “Засгаас хэрэгжүүлж буй гааль, татварын шинэчлэл, экспортыг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд 42 сая тонн нүүрс экспортолж чадна” гэсэн.

Яг одоогийн байдлаар нэг улирал алдчихлаа. Тэгэхээр одоо Засгийн газрын өмнө авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдээ хугацаа алдалгүй хэрэгжүүлэх зам л үлдээд байна.

-Байдал бүр хэцүүдлээ гэхэд урд хөрш нүүрсний хэрэгцээгээ дотоодоосоо нийлүүлэх боломжтой байх аа?

-Тэгэх боломжтой. Хятад бол хамгийн том нүүрс олборлогч. Тэр утгаараа онцгой нөхцөлд нүүрсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах бололцоотой.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.