Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан өнөөдөр болов.

Н.Төгсцогт 12 дахь тулаанаа WBC холбооны 57 кг жингийн аварга Гари Расселл Жр-тай тулаанаа хийж ялагдал хүлээлээ.

Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийж нэг ч удаагийн ялагдалгүйгээр 11 удаа ялалт байгуулаад байсан. Ийнхүү тэрбээр мэргэжлийн боксын ринг дэх анхны ялагдлаа хүлээж байна.

Түүний өрсөлдөгч болох WBC холбооны аварга Гари Расселл Жр бол 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа хүчтэй өрсөлдөгч бөгөөд 2014 онд WBC холбооны аваргын төлөөх тулаанд Василь Ломаченкод ганц л удаа ялагдсанаас өөр ялагдал хүлээж байгаагүй бөгөөд мэргэжлийн боксын нийт 31 тулаанд орсноос 30 удаа ялалт байгуулсан тамирчин юм. 

Тэмцээн дуусч Гари Расселл ялсныг зарласны дараа тэрбээр "Өнөөдрийн өрсөлдөгч Н.Төгсцогт маань хэдийгээр олимпын мөнгөн медальтай ч мэргэжлийн боксод цөөн тулаан хийсэн нь өнөөдрийн тэмцээнд нөлөөллөө" гэв. 

Харин Н.Төгсцогтын хувьд "Тэмцээний туршид жаахан хүлээчихлээ. Дэмжсэн монголчууддаа баярлалаа" гэсэн юм.