Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хяналтыг чангатгасан нь хууль бус ан, хориотой ургамал түүж бэлтгэсэн тохиолдлын илрүүлэлтийг нэмэгдүүлэв

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг НМХГ-ын фэйсбүүк хуудсаас авав.

Нийслэл хот руу орох гол замуудад найман шалган бүртгэх товчоо буюу пост ажиллаж, хяналтын байгууллагууд тус тусын чиглэлээр хяналт, шалгалт хийж ажилладаг.

“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  2019 оны тавдугаар сарын 1-нээс постууд дахь хүн хүчийг нэмэгдүүлснээр байгаль орчны чиглэлийн зөрчлүүдийн илрүүлэлт нэмэгджээ.

2019 онд 500 гаруй тарвагыг зөвшөөрөлгүй агнажээ

2019 оны тавдугаар сарын 1-нээс он дуустал найман сарын хугацаан дахь зөвшөөрөлгүй ангийн мэдээллийг харвал, тарвага  хууль бусаар агнасан нь хамгийн түгээмэл. Тодруулбал, энэ хугацаанд 40 удаагийн тохиолдлоор 500 орчим ширхэг тарваганы нойтон мах тээвэрлэж явсныг  НМХГ-ын байцаагчид илрүүлэн мэдээлсэн.

Амьтны тухай хуулийн  11.1.9-д заасан “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэсэн заалтыг зөрчсөн бол тарваганы тулмыг түр хураан авч Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгдөг .

Зөвшөөрөлгүй ангийн мэдээллийг хүснэгтээр үзүүлбэл:

 

Амьтан болон амьтны эд эрхтэн, мах

Зөрчил буюу үйлдлийн тоо

Нийт хэмжээ

1.

Тарвага

40

500 гаруй ш

2.

Саарал чоно

5

14 ш

3.

Шар үнэг

2

16 ш

4.

Хярс үнэг

3

5 ш

5.

Ойн зэрлэг гахай

2

4 ш

6.

Бугын чив

1

5 ш

7.

Алтайн хойлог шувууны мах

4

5 ш

8.

Ятуу шувууны мах

1

2 ш

9.

Тул загас

5

5 ш

10.

Бусад загас /зэвэг, монгол хадран г.м/

 

71 ш

 

 

Түүж бэлтгэхийг хориглосон ургамал

 

 

1.

Хонин арц

2

1.1 тонн

2.

Мансууруулах төрлийн ургамал

4

57 кг

Мөн зохих зөвшөөрөлгүй барьсан гурван толгой идлэг шонхор, 10 толгой ногтруу, 223 толгой тагтааг байгальд нь эргүүлэн тавьсан байна.

Засгийн газраас тогтоосон экологийн үнэлгээг хоёр дахин үржүүлж нөхөн төлбөрийг тооцдог
 
Гэрэл зургийг mpa.mn

Тарвага, саарал чоно, шар үнэг, хярс үнэг, зэрлэг гахай зэрэг амьтад нь агнахыг зөвшөөрсөн амьтад мөн боловч тус бүрд нь зохих зөвшөөрлийг авах ёстой. Түүнчлэн жилийн аль хугацаанд агнаж болохыг Амьтны тухай хуульд заасан байдаг.  

Мэргэжлийн хяналтын байцаагчдын хувьд жил бүр шинэчлэгдэн гардаг МХЕГ-ын даргын “Хууль бус ан агнуур, мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт тавьдаг гэдгийг НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ хэлсэн юм.

Байгаль орчны хяналтын байцаагчид зохих зөвшөөрөлгүй агнасан амьтны мах, эд эрхтэн хуульд заасны дагуу хураан авдаг бөгөөд тухайн амьтан ургамал нь нэн ховор, ховор гэсэн ангилалд багтсан, мөн агнуурын элбэг амьтан хэдий ч тусгай хамгаалалттай газраас агнасан бол эрүүгийн хэрэг үүсэж, цагдаагийн байгууллагад шилжүүлдэг.

Харин элбэг амьтныг зөвшөөрөлгүй агнасан бол Зөрчлийн хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч торгууль ногдуулах эрхтэй байдгийг Д.Сонин-Эрдэнэ байцаагч тайлбарлав.

Зөвшөөрөлгүй ан хийсэн тохиолдолд торгохоос гадна байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг. Ингэхдээ Засгийн газраас тогтоосон тухайн амьтан, ургамлын экологийн үнэлгээг хоёр дахин үржүүлж нөхөн төлбөрийг тооцно хэмээн Амьтны тухай хуульд заажээ. Үүн дээрээ Зөрчлийн тухай хуулиар 150,000-300,000 төгрөгийн торгууль ногдуулна.

Жишээгээр тайлбарлая

Саарал чонын экологийн үнэлгээ 510,000-600,000 төгрөг байдаг.  Тэгэхээр зохих зөвшөөрөлгүй гурван саарал чоно агнавал, Нөхөн төлбөр 1,200,000 төгрөгийг чоно тус бүрийн тоогоор үржүүлж, үүн дээрээ торгууль 300,000 төгрөг төлнө.  Тэгэхээр ойролцоогоор 4 сая төгрөг төлүүлэх нь.

2019 онд илрүүлсэн зөрчлүүдэд хэчнээн төгрөгийн нөхөн төлбөр, торгууль ногдуулсныг тооцоолбол:

 

Амьтан болон амьтны эд эрхтэн, мах

Тоо

Засгийн газраас тогтоосон экологийн үнэлгээ/Амьтны тухай хуульд зааснаар энэ дүнг хоёр дахин үржүүлж тооцно/

1.

Тарвага

500 гаруй ш

Эр-170,000, эм-210,000

2.

Саарал чоно

14 ш

Эр-510,000, эм-600,000

3.

Шар үнэг

16 ш

Эр-110,000, эм-130,000

4.

Хярс үнэг

5 ш

Эр-100,000, эм-120,000

5.

Ойн зэрлэг гахай

4 ш

Эр-700,000, эм-800,000

6.

Бугын чив /чивийг нэг бодгаль амьтнаар тооцно/

5 ш

Эр-6,600,000, эм-7,500,000

7.

Алтайн хойлог шувууны мах

5 ш

130,000

8.

Ятуу шувууны мах

2 ш

7,000

9.

Тул загас

5 ш

211,000

10.

Бусад загас /зэвэг, монгол хадран г.м/

71 ш

-

Нийт  нөхөн олговрын хэмжээг эр хүйсээр тооцвол/бусад загасыг оролцуулахгүйгээр/: 264 сая төгрөг


 

Байгальд учруулсан хохирлыг Засгийн газраас тогтоосон экологийн үнэлгээ, Амьтны тухай хуулийн дагуу тооцож үзэхэд найман сарын хугацаанд гэхэд 260 гаруй сая төгрөгийн дүн гарч байна. Үүн дээр Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах бөгөөд зарим тохиодол дээр эрүүгийн хэрэг үүснэ.

Постууд дээрх хүн хүчийг нэмэгдүүлэн түүхий нүүрсийг нийслэл хот руу оруулахгүй байх зорилгоор хяналтыг чангатгасан нь ийнхүү хууль бус ан хийх, хориотой ургамал түүж бэлтгэсэн тохиолдлын илрүүлэлтийг нэмэгдүүлж байгааг харуулав. Ингэснээр хууль бусаар агнасан амьтан, түүсэн ургамлыг нийслэл хот руу оруулах, арилжаалах боломжийг ч хязгаарлаж байна.

 
Гэрэл зургийг НМХГ-ын фэйсбүүк хуудсаас авав.