Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Бидний анх авсан тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй"

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцална" гэдгийг өнгөрсөн сард болсон “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцох үеэрээ мэдэгдсэн.

Отгонтэнгэр хайрхны бэлд лиценз эзэмшигч этгээдүүд олборлолт хайгуул хийж эхэлсэн нь орон нутгийн удирдлагын түвшинд шийдвэрлэх боломжгүйг зөвлөгөөний үеэр Завхан аймгийн Засаг дарга хэлж байсан юм.

Ашиглалтын лиценз нь хилийн заагт орсон гэх “Монгол Майнинг энд Эксплорэйшн” компанийн Ерөнхий инженер Б.Баярбаатар тайлбар өглөө.

-Танай компанийн эзэмш­дэг гэх ашиглалтын лицен­зийн талаар тод­руу­лах гэсэн юм. Тусгай хам­­гаа­лалт­тай бүсэд буюу Отгон­­тэнгэр уулын бэлд лиценз ав­сан гэх мэдээлэл цацагд­лаа. Үүнд хариулт өгөхгүй юу? 

-Манай компанийн эзэмш­дэг гэх тусгай зөвшөөрөл нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхнаас орон нутгийн замаар явахад 100 гаруй км зайд байрладаг. Завхан аймгийн Отгон сум болон Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгийг хамарч байрладаг. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа ташаа мэдээллийг харсан. Ямар ч монгол хүн төрийн тахилгат хайрхнаа ухна гэж байхгүй шүү дээ. Үүнийг та бүхэн ойлгох ёстой юм.

Манай компанийн эзэмшиж буй ашиглалтын лицензийн талбайгаас Отгонтэнгэр хайрхны тусгай хамгаалалтын бүс хүртэл 100 гаруй км зай бий. Дунд нь Буянт гол, Шар ус гол, Цагаан бургастайн ам гэх мэт томоохон голын хөндий, тэдгээрийн хооронд орших Мухар харгана, Гялгадай, Хар чулуут, Түмт, Хүрэн чулуут, Жаргалтын уулс, нуруудаар зааглагдаж байгаа. Төрийн тусгай хамгаалалттай Отгонтэнгэр хайрханы хамгаалалтын бүс нь 955 ам км талбайг хамруулдаг юм билээ. Хамгаалалтад авсан бүсээс хэмжээд үзэхэд л 100 гаруй км зайд оршдог бөгөөд тус уулын бэл хэсгийг тусгай хамгаалалтад орж байгаа гэж би ойлгож байгаа. 

-Танайх хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж ойлгож болох уу. Аймгийн ИТХ-ын дарга 2002 онд лиценз авсан гэж мэдэгдсэн ч надад олдсон мэдээллээр 2008 онд авсан юм билээ? 

-Манай компани нь холбогдох хуулийн хүрээнд лиценз эзэмшиж байсан. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайгаагүй, бас ашиглаагүй гэдгийг Байгаль орчны яамны лавлагаанаас харж болно. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай ч зөрчилдөөгүй гэдгийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс бидэнд ирүүлсэн албан бичгээс та харж болно. Сошиал орчинд буруу мэдээлэл өгөөд байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Хар ухаанаар бодоход л манай тусгай зөвшөөрлийг уулын бэлд гэж ойлгож байгаа бол Багануурын уурхай ч Богд уулын бэлд олборлолт явуулж байгаатай агаар нэг сонсогдож байгаа юм. 

-Гурван лиценз эзэмшдэг байсан гэж ойлгоод байна? 

-Маш буруу мэдээлэл яваад байна. Манайх 2008 онд энэхүү XV-014806 гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн нөөц бодогдсон хэсэгтээ л ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Ингээд хайгуулын хэвээр байгаа болон нөөцөө тогтоосон хэсгээ салгаад авчихаар гурав гэж олон тоо харагдаж байгаа хэрэг. Түүнээс биш анх авсан нэг тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд огтхон ч өөрчлөлт ороогүй.