Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Германы уран бүтээлч Google Maps-ийг хуурч үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Германы нийслэл Берлин хотод амьдардаг уран бүтээлч Симон Векэрт өвөрмөц сонин аргаар Google Maps үйлчилгээг хуурч үзүүлсэн байна.

Тэрээр энэ үзүүлбэрээ “Google Maps Hacks” гэж нэрлээд видео бичлэгийг нь YouTube хуудсанд байршуулжээ.

Векэрт байрлал тодорхойлох системийг нь идэвхжүүлсэн 99 ширхэг гар утсыг тэргэнд хийж чирээд Берлиний гудамжаар алхсан байна.

Тэрээр хуучин гар утаснуудыг найз нараасаа болон гар утасны компаниудаас түрээсээр авч ашиглажээ. Үзүүлбэрийн үеэр Векэртийн явсан гудамжинд маш олон машин бөөгнөрч, хөдөлгөөн удааширсан байгаа мэтээр Google Maps мэдээлж эхэлсэн байна.

Улмаар Векэртийн явсан гудамжийг түгжрэлтэй байна гэж ойлгосон систем бусад хүмүүст уг гудамжийг тойрч хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байжээ.

Векэрт энэхүү үзүүлбэрээрээ хүмүүс өөрийн зорчиж буй гудамжинд зохиомлоор түгжрэл үүсгэх аргаар олон машины чиглэлийг өөрчилж, өөрөө саадгүй түргэн зорчиж болохыг харуулсан гэж тайлбарласан юм.

Google компанийн төлөөлөгч энэхүү үзүүлбэрийн талаар “Машин, түрдэг тэрэг, тэмээг ч хамаагүй хэрэглээд Google Maps-ийг бүтээлчээр ашиглаж байгааг харах бидэнд таатай байна. Энэ нь манай үйлчилгээг улам сайжрахад тус дэм болох юм” гэж хариулжээ.

Эх сурвалж: CNN