Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Заяабал: Нэг иргэн нэг өдөрт 8,300 НӨАТ-ын баримт бүртгүүлсэн тохиолдол байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монголын татварын алба бол Татварын хуулийн хэрэгжилтийг хангуулдаг. НӨАТ-ын буцаан олголтыг хэрэгжүүлэх тухайд гол баримталдаг албан бичиг нь НӨАТ-ын тухай хууль байгаа. Мөн журам байгаа. 

Энэ хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгадаг. Систем эрсдлийг тооцдог. НӨАТ-ын тухай хуулийн 15.3.1-дээр албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх ёстой. Гэтэл бодит амьдрал дээр 50 саяас дээш орлоготой ААН НӨАТ төлөгч болж байгаа. Тэд 10 хувиа суутгаад буцаагаад улсаас авах эрх бүрдэнэ. НӨАТ төлөгч болсон мөртлөө НӨАТ-гүй баримт төлөөд байгаа гэх мэт баримтыг илрүүлж, нэмэх ажиллагааг хийж байна. 

Хоёрт, хуулийн 15.3.2-т худалдан авалт бүр татварын албанд бүртгэгдсэн байх ёстой гэдэг шаардлага бий. ААН-ээс сар болгон тайлан ирүүлдэг. Энэ сард 1 тэрбум төгрөгийн орлого олсон бол НӨАТ тэр дүнтэй тулж байх ёстой. Гэтэл зөрөөд байдаг. Мөн И-баримт дээр 2 тэрбум төгрөгийн орлогоос 200 сая төгрөг төсөвт орж, 40 сая нь иргэнд очих ёстой. Гэтэл нэг тэрбумын орлого олсон гэж тайлан ирэхэд и-баримтаар 200 сая төгрөг төвлөрүүлсэн байх жишээтэй. 

Мөн кассын машин зөв тооцох ёстой ч программ хийдэг компаниудын хийсэн алдаанаас болоод 2,200 төгрөгөөр талх худалдан авахад программ 220 биш НӨАТ 5,000 төгрөг бичигддэг алдаа бас байна. 

Хуулийн 5.1-т эцсийн хэрэглээнд авсан татвар мөн эсэхийг ялгах хэрэгтэй байгаа. Гэтэл компанийн ТУЗ, захирал, ня-бо авсан байх жишээтэй. Хамаарал бүхий албан тушаалтнууд дээр маш их хэмжээний НӨАТ бүртгэгдсэн байх жишээтэй. Жишээ нь, нэг иргэн нэг өдөрт 8,300 баримт бүртгүүлсэн тохиолдол байна.

Хуулийг татварын алба шударга хэрэгжүүлэх үүднээс энэ шалгууруудыг хэрэгжүүлэх гэж ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.