Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголбанк ипотекийн зээлийн нийт санхүүжилтээ зогсоосон"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкнаас эдийн засаг, банк санхүүтэй холбоотой статистик мэдээллийг танилцуулах хурлыг өнөөдөр зохион байгуулсан билээ. Энэ үеэр ипотекийн зээлийн 2019 оны арванхоёрдугаар сарын дүнг мэдээлсэн юм. 

Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард банкууд 1,365 зээлдэгчид 112 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.  Ингэхдээ, 

  • 56.3 хувийг хөтөлбөрийн эх үүсвэрээр
  • 43.7 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон байна.

Шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 12 сард өмнөх сараас 1.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт болжээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Ипотекийн хөтөлбөрийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлэхдээ "ОУВС-тай тохирсны дагуу, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу Монголбанк ипотекийн зээлийн нийт санхүүжилтээ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоосон. 

Ипотекийн зээлд 2018 онд Монголбанк, Засгийн газрын эх үүсвэрээр 310 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байсан бол 2019 онд эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүжилт 80 орчим хувиар өсч, 563 тэрбум төгрөг болсон билээ. 

2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ипотекийн санхүүжилтийн тогтолцоог цаашид тогтвортой үргэлжлүүлэх, үндэсний хөтөлбөрийг Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч батална гэсэн тодорхой заалт орсон.

Тиймээс Монголбанкны зүгээс ипотекийн санхүүжилтийг илүү оновчтой болгох, зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран төсөл, төлөвлөгөө боловсруулан зохицуулалтын шинжтэй арга хэмжээгээ үргэлжлүүлнэ" хэмээв.