Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэв.

Нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргажээ. Үүний дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуултал олонхын дэмжлэг авч чадаагүй байна.

Ийнхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авжээ. 

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дээрх нөхцөл байдлыг шийдэгдсэн гэдэг хариулт өглөө. Тэрбээр "Нэгэнт санал хураалтын дүн гарсан учраас асуудал шийдэгдсэн. Тогтоолын төслийг албажуулах бол хэлбэр төдий зүйл. Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Хэрэв ийм хүсэлт гаргавал мөн л намын бүлэг, байнгын хороод, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ" гэлээ. 

Д.Тогтохсүрэн гишүүний хэлж буйгаар санал хураалт явагдаж, дүнгээ гаргасан учраас тогтоолын төсөл батлагдсан эсэх нь чухал биш. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гэж үзэж байгаа аж. Нэгэнт шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул бүлэг энэ асуудлаар хуралдахгүй. 

Харин Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд түүний хүсэлтийг хүлээж авах эсэх асуудлаар бүлэг хуралдах юм байна.