Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгнө

ikon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлаарх нууц санал хураалтад 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх, 28 нь авч үлдэх санал өгчээ.

Өөрөөр хэлбэл олонх нь түүнийг түдгэлзүүлэх санал өгсөн ч тогтоолын төслөө батлахдаа гишүүдийн олонх нь дэмжээгүй байна. Ингэснээр нууц санал хураалт хүчингүй болжээ.

Харин хуралдаанаас гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн "Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Гэхдээ би улс төрөөс гарахгүй" гэж мэдэгдэв.

Тодруулбал тэрбээр хэлэхдээ "Өчигдөр МАН-ын удирдлагууд, хяналтын хороон дарга намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хөөх тухай шийдвэр гаргаснаа танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна, маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын дүрэмд заасан зүйл заалтыг зөрчсөн тул намын гишүүдээсээ уучлалт гуйя гэж саналыг хүлээн зөвшөөрсөн.

Тэгэхээр би өчигдрөөс Монгол ардын намын гишүүн биш сул гишүүн болсон. Мэдээж би удаа дараа өөрийн биеэр хүлцэл өчсөн. Мөн зөвхөн нам хариуцлага хүлээгээд явах биш хуулиараа хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ дахин хэлье.

Сая чуулганаар миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэж байгаад завсарлагаа авсан. Санал хураалт сая нууц явсан.

Учир нь арванхоёрдугаар сарын 12-ны өдөр би нэг хэвлэлийн хурал хийсэн. Би та хэдээс зугтааж, гүйдэггүй, зогсож байгаад л ярьдаг. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал тэр арванхоёрдугаар сарын хэвлэлийн хуралтай шууд холбоотой байх. Учир нь нууц задруулсан, садаа болсон гээд.

Гаргасан хоёр шийдвэр нь сая хоорондоо зөрчилдчихсөн буюу тогтоолын төсөлд уначихсан. Аливаа шийдвэр гарна тэрийгээ УИХ-ын дэгийн тухай хуулиар заавал тогтоол гаргаж, хүчин төгөлдөр болгодог. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түрүү барьж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд садаа болж байна гэсэн ойлголтыг олон нийтэд хүргэж байна. Тийм зүйл байхгүй.  

Иймд миний бие өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барина.

Би ямар нэгэн шахалтад ороогүй. Энэ бол хувь улс төрчийн шийдвэр. Ингэж өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явуулж, харлуулаад буй олон зүйлсийн учир тайлагдана. Чөлөөлөгдөнө гэдэг чинь их хурлаас явна гэсэн үг. Энэ шийдвэрийг би аль эрт гаргачихсан байсан. Магадгүй миний тэмцэж буйгаа илэрхийлэх нэг хэлбэр. Зохион байгуулалттайгаар намайг гэмт хэрэгтэн болгох ажил явагдаж байна шүү дээ. Хууль зүйн сайд нь хүртэл сая ерөнхий прокурорт надтай холбоотой ойлгомжгүй асуудлыг заавал мэдэгдэхгүй бол болохгүй байна гэсэн" гэв. 

Шууд:

https://www.facebook.com/iKonNews/videos/559366671317823/