Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирусийн нөлөөнд донсолж буй дэлхийн эдийн засаг

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: telegraph.co.uk

Он солигдох мөчтэй уралдан дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар өдгөө 7,700 орчим хүнд халдварласнаас 170 хүн нас бараад байна. Амиа алдаж буй иргэдийн тоо өдөрт 20-30-аараа нэмэгдэж байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр хуралдаж, онц байдал зарлах эсэхээ шийдэх гэж байна. 

Тэгвэл шинээр үүсэн бий болсон энэхүү вирусийн халдвар БНХАУ-аар тогтохгүй дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж байгааг хөрөнгө, санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүд илтгэж байгаа юм. 

Ухань хот нь БНХАУ-ын ДНБ-ий 1.6 хувийг дангаар бий болгодог, 11 сая хүн амтай томоохон хот. Зөвхөн 2019 онд л гэхэд 319 сая жуулчин хүлээн авсан бөгөөд аялал жуулчлалаас 357 тэрбум ам.долларын орлого олжээ. Өнгөрсөн оны байдлаар 500 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоо байна.

Гэтэл коронавирусийн голомт болсон гэдэг шалтгаанаар тус хотод онц байдал зарлаж, иргэдийн орж, гарах урсгалыг хаах шийдвэр гаргаснаар энэ халдварт өвчин Хятад улсаар дамжин дэлхийн эдийн засагт нөлөөлөх болов. Хөрөнгө оруулагчид Азиас татгалзаж, Европ, Хойд Америкийн зах зээл рүү сонирхлоо чиглүүлэв. 

2019 оны нэгдүгээр сарын 27-ны байдлаар Япон болон Европын хөрөнгийн зах зээл 2-оос илүү хувиар унаад байна. Нью-Йоркт л гэхэд S&P 500 индекс 1.6 хувиар унаж байгаа бөгөөд Хятадын зах зээлийн тухайд маш эмзэг хандаж байна. Тухайлбал, Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Макаогийн мөрийтэй тоглоомын газарт үйл ажиллагаа явуулдаг Wynn Resorts компанийн хувьцаа л гэхэд 8%-аас дээш хувиар унажээ. 

Зураг 1. S&P 500 индекс нэгдүгээр сард

 

 

2003 онд дэгдэж байсан SARS-ийн халдварын нөлөөгөөр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зөвхөн нэг улиралд 9.1 хувиар саарсныг Английн судалгааны Oxford Economics тооцоолсон байдаг. 

Харин энэ удаа өмнөд хөршийн үйлдвэрлэлийн төв, Хятадын Чикаго ч гэж нэрлэгддэг Ухань хот халдварт өвчний голомт болсноор SARS-аас илүү их хэмжээний хохирлыг эдийн засагт үзүүлнэ хэмээн Вашингтон дахь Петерсон Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн ахлах ажилтан, шинжээч Николас Р.Ларди The New York Times-т ярьжээ. 

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг хангадаг гэдэг утгаараа энэ удаагийн халдварт өвчин тус улстай зэргэлдээ оршдог Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг орны аялал жуулчлалын салбарт хүчтэй нөлөөлөх болжээ. Цаашлаад үндэстэн дамнасан томоохон компани, корпорацуудад хүчтэй нөлөөлж байна. 

Үүний нэг жишээ нь Starbucks. Тус компанийн хамгийн гол зах зээл нь БНХАУ буюу гадаад улс орнуудаас олдог орлогын 10%-ийг бүрдүүлдэг байна. Гэвч шинэ коронавирусийн халдвараас шалтгаалан Хятад улс дахь 4,300 салбарынхаа 2,000-ыг хаах шийвэрийг Starbucks гаргаад байна.  

Apple компани мөн Хятад дахь салбаруудынхаа ажиллах цагийн хуваарийг богиносгосон бөгөөд нөхцөл байдлыг ажиглаж байгаагаа Тим Күк хэлжээ. Тэгвэл ажилчдаа Хятад улс руу зорчихыг хориглосон Америкийн хамгийн анхны томоохон компани нь Facebook болоод байна. Энэ мэтчилэн автомашин үйлдвэрлэгч компаниуд хүртэл ажилчдаа БНХАУ-аас татах зэрэг арга хэмжээ авч эхлээд байгаа юм. 

Хэрэв энэ байдал даамжирч, Хятад улс үйлдвэрлэлийн салбартаа хязгаарлалт хийвэл дэлхийн эдийн засагт улам хүчтэй нөлөөлөх нь.

Тухайлбал, Австрали, Энэтхэгийн уул уурхай, төмрийн зах зээлд уналт үүснэ. Малайз, Өмнөд Солонгосоос авдаг шилэн хавтан, чип зэрэг компьютерын эд ангийн зах зээл буурна. Автомашины зах зээлээр холбогддог Герман, Чех, Унгар, Польш зэрэг оронд нөлөөлнө. Цаашлаад олон сарын турш хэлэлцсэний эцэст нааштай шийдэлд хүрч эхлээд байсан АНУ-тай хийх худалдаа саатаж мэдэхээр байна.

Тэгвэл Монгол Улсад энэ нөхцөл байдал хэрхэн нөлөөлөх вэ?

АНУ, Иран улс хоорондын сөргөлдөөнөөс үүдэн дэлхийн зах зээл дээр үнэ нь өсөөд байсан брэнт газын тосны ханш коронавирустэй холбоотойгоор 66 ам.доллараас 50 доллар хүртэл бууж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад шатахууны үнэ өсөх нь хэмээн түгшээж байсан хүлээлт ийнхүү эергээр эргээд байгаа юм. Алтны ханш мөн дэлхийн зах зээлд өсөөд буй.

Зураг 2. Газрын тосны үнэ

 

Харин зэсийн ханш унаж байна. 2020 он гарснаас хойш бага зэрэг өсөж, 2,900 орчим ам.доллар хүрээд байсан зэсийн ханш 2,600 руу дөхөж байгаа юм. 

Тэгвэл дотоод зах зээл дээр эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа юм. Өмнөх таван жилийн Цагаан сарын өмнөх дөрвөн долоо хоногийн дундаж үнийг харьцуулахад энэ удаа илүү олон бараа бүтээгдэхүүний үнэ илүү их хэмжээгээр өсөөд байна. 

Энэ сарын 22-ны өдрийн байдлаар үнэ нь нэмэгдсэн хүнсний бүтээгдэхүүний жагсаалт: ( Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар)

Хүнсний бүтээгдэхүүний нэр Үнэ Үнэ Зөрүү
  2020.01.15 2020.01.22  
Алтан тариа задгай, дээд 1,434₮  1,444₮ 10₮
Алтан тариа задгай, 1-р зэрэг  1,167₮ 1,186₮ 19₮
Алтан тариа савласан, дээдийн дээд 1,805₮ 2,013₮ 208₮
Алтан тариа савласан, дээд 1,434₮ 1,488₮ 54₮
Алтан тариа савласан, 2-р зэрэг 919₮ 934₮ 15₮
Сүү 0.5л 1,204₮ 1,650₮ 446₮
Задгай сүү  1,650₮ 2,456₮ 806₮
Атар талх  1,286₮ 1,547₮ 261₮
Хонины мах, ястай 8,078₮  8,722₮ 644₮
Хонины мах, цул 8,375₮ 8,725₮ 350₮
Үхрийн мах, ястай 9,922₮ 10,544₮ 622₮
Үхрийн мах, цул  11,844₮ 12,378₮ 534₮
Монгол лууван 1,432₮ 1,559₮ 127₮
Байцаа 1,445₮ 1,605₮ 160₮
Манжин 1,525₮ 1,619₮ 94₮
Сонгино 1,344₮ 1,411₮ 67₮
Өндөг, ОХУ 344₮ 345₮ 1₮
Аи-95 2,238₮ 2,240₮ 2₮
Аи-92 1,816₮ 1,818₮ 2₮

Цагаан сараас дөрвөн долоо хоногийн өмнөх махны үнийг сүүлийн таван жилээр харьцуулан үзвэл дунджаар 100-300 төгрөгөөр өсөж байжээ.

График 1. Цагаан сараас дөрвөн хоногийн өмнөх махны үнийн дундаж өсөлт

График 2. Цагаан сараас дөрвөн долоо хоногийн өмнө хэчнээн төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байв?

Түүнээс гадна, Цагаан сарын өмнө импорт огцом нэмэгддэг. Тухайлбал, 2019 оны хоёрдугаар сард импорт 350 сая ам.доллар байсны 130 сая ам.доллар нь Цагаан сарын нөлөө байгаа юм. 

Монгол Улс БНХАУ-тай хиллэдгийн хувьд шинэ короновирусийн өндөр эрсдэлтэй улсад тооцогдож буй. Тийм ч учраас манай улс урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг хориглож, хилийн боомтуудад тодорхой хязгаарлалтуудыг хийгээд байна. Түүнээс гадна өнөөдөр Онцгой комисс хуралдаж, Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэх талаар шийдвэр гаргана. 

Хэрэв энэ баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх шийдвэр гаргавал импортод үзүүлэх Цагаан сарын нөлөө буурч болох талтай. 

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирус Хонг Конг, Япон, Макао, Малайз, Непал, Сингапур, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд, Вьетнам, Австрали, Канад, АНУ, Франц, Герман зэрэг оронд бүртгэгдээд байгаа билээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.