Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Австрали яваад ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN

ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/236248194052453/

Зарим шинжилгээний хариу гарсан учраас ЭМЯ-наас мэдээлэл хийж, шинжилгээний дүнг танилцууллаа.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор нэгдүгээр сарын 9-нөөс хойш 50 сорьцонд шилжилгээ хийгээд байна. Үүний 27 сорьцод томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн бол таван сорьцоос ямар нэгэн вирус илээргүй, бусад шинжилгээний явц үргэлжилж байна.

Иргэддээ нэг мэдээллийг онцлон хүргэхийг хүсэж байна. Булган аймгийн тохиолдолд болон Австрали яваад ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан" гэдгийг хэллээ.

"Одоогийн байдлаар зургаан аймгийн найман боомтоор 1,200 гаруй иргэн орж ирээд байна"

Мөн энэ сарын 25-27-нд БНХАУын Цагаан сарын баяр тохиож хилээ хаагаад байсантай холбоотойгоор хилийн цаана үлдээд байсан иргэд эх орондоо ирэх урсгал өчигдрөөс нэмэгдээд байсан юм. Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Хилийн цаана байсан иргэдээ нэвтрүүлэх ажил хоёр дахь өдрөө үргэлжилж, одоогийн байдлаар зургаан аймгийн найман боомтоор 1,200 гаруй иргэн орж ирээд байна.

Орж ирсэн иргэн бүрээс эрүүл мэндийн асуумж авах ажлыг хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран зохион байгуулсан бөгөөд одоогийн байдлаар тэдгээр иргэд маань халуурсан, амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн зүйл байхгүй байна" гэлээ.

"Польш улсад байгаа эмч нар маань амны хаалт цуглуулж, Монгол руу илгээсэн нь маргааш хил дээр ирнэ"

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр тал талд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Польш улсад суралцаж, ажиллаж амьдардаг эмч нар маань нэгдээд амны хаалт цуглуулж, Монгол руу иргээсэн нь маргааш хил дээр ирнэ. Тэдгээр амны хаалтыг хамгийн эрсдэл өндөртэй хүмүүстээ тараана. Мөн ХХААХҮЯ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй ярилцаад амны хаалтны чиглэлээр эрчимтэй ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Нэг хэвлэлийн компани мөн яамтай холбогдож сэрэмжлүүлэг, тараах материалыг үнэгүй хэвлэж өгье гэсэн.

Иргэд маань өөрийгөө, гэр бүлийн гишүүдээ эрсдлээс хамгаалахаар анхаарлаа хандуулж байгаа нь амны хаалтны асуудлаас харагдаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн эрсдэл үүссэн ийм нөхцөлд салбар дундын хамтын ажиллагаа маш чухал байдаг. Энэ удаад мэргэжлийн хяналт, бусад холбогдох байгууллагуудтайгаа жишиг болохуйцаар хамтран ажиллаж байгаа" хэмээн хэллээ.

ЭМЯ маргааш 11:00 цагаас ээлжит хэвлэлийн бага хурлаа хийнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.