Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн эрдэмтэд шинэ коронавирусийг лабораторид амжилттай гаргаж авснаа зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятадад тархаад байгаа шинэ төрлийн коронавирусийг лабораторид гаргаж авч чадсанаа Австралийн эрдэмтэд өнөөдөр зарлажээ.

Тэд вирусийг хэрхэн гаргаж авсан тухай мэдээллээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад (ДЭМБ) илгээхээр болсон байна.

Өнгөрсөн сард Ухань хотод шинээр илэрсэн коронавирус өнөөдрийн байдлаар 132 хүний амийг хөнөөж, 6,000 шахуу хүнд халдаад байгаа юм.

Хятадаас гадна дэлхийн 16 улсад 47 халдвар бүртгэгдээд байна.

Австралийн Мелбурн хот дахь лабораторийн мэргэжилтнүүд халдвар авсан хүнээс вирусийг амжилттай хувилж чаджээ.

Өнгөрсөн Баасан гарагт тэд анх коронавирусийн дээжийг хүлээж аваад ажиллаж эхэлсэн юм байна. “Бид ийм халдвар гарсан тохиолдолд хэрхэн ажиллахаа олон жилийн турш судалж, төлөвлөөд байсан тул богино хугацаанд үр дүнд хүрлээ” гэж Питер Дохертигийн Халдвар судлалын хүрээлэнгийн доктор Майк Кэттон тайлбарлажээ.

Тэдний гаргаж авсан хуулбар вирусийг ашиглан хүнд халдварын шинж тэмдэг илрэхээс нь өмнө эрт оношлох боломжтой болох гэнэ.

Мөн коронавирусийн эсрэг вакцины туршилтанд ашиглах боломжтой ажээ.

ДЭМБ-ын мэдээлснээр шинэ коронавирусийн халдварын далд үе хоёроос 10 хоног үргэлжилж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.