Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Шинжилгээ өгсөн хүмүүсийн 50 хувиас нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-д байгаа иргэдээ оруулж ирэх шийдвэрийн хүрээнд хэрхэн ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр “Хилийн мэргэжлийн хяналтаас гарсан дүрмийн дагуу хяналт тавьж иргэдийг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ эрүүл мэндийн асуумж авч, халууныг хэмжээд сэжигтэй байвал вируслогийн лабораторид шинжилгээ авна.

Халуураагүй, амьсгалын замын өвчний шинж тэмдэггүй байвал "Ямар ч байсан өвчлөл гарсан улсаас орж ирж байгаа учраас биеийн байдалдаа 14 хоногийн турш хяналт тавиарай" гэсэн зөвлөмж өгөөд хил нэвтрүүлнэ.

Сэжигтэй тохиолдол гэдэг бол халдвараар өвчилсөн хүмүүстэй ойр харилцсан, өвчний голомтот нутгаар халдвар бүртгэгдсэнээс өмнөх 14 хоног болон халдвар гарсан хугацаанд зорчсон, халдвар авсан хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн амьсгалын замын өвчтэй хүнийг хэлнэ.

Хавьтал гэдэг нь хамгаалах хэрэгсэлгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч болон нэг гэрт хамт амьдардаг хүмүүсийг хэлдэг. Тиймээс онгоцонд зорчиж ирсэн иргэдийг сэжигтэй тохиолдол болон хавьталд хамааруулахгүй.

Халуунтай хүмүүс яагаад ингэж их орж ирж байгаа нь томуугийн дэгдэлтийн үе үргэлжилж байгаатай холбоотой гэдгийг бүгд анхаарах хэрэгтэй. 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй хүн ажил, аяллаар өвчлөл гарсан улс руу яваад ирсэн гэдэг шалтгаанаар шинжилгээ өгөхөд 50 хувиас нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн. Яг энэ цаг үед томуугийн А хүрээний H3N2 вирус дэгдэлт явагдаж байна. Улирлын томуугийн вирусээр өвчлөөд биеэ хайхрахгүй явснаас үүдээд хүндэрсэн тохиолдлууд байх магадлал өндөр" гэдгийг хэллээ.

Мөн өчигдөр онгоцоор халуунтай ирсэн иргэдийн талаар мэдээллийг өгөв.

"Хонг Конгийн онгоцонд дөрвөн зорчигч халуунтай, нэг зорчигч дотор нь эвгүйрхсэн гэх шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиход зарим иргэний халуун онгоцноос буух үедээ буурсан байсан. Гэсэн ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учраас дөрвөн хүнийг тусгаарлаж, тэдний ойрын хавьтал дөрвөн хүн нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өдөр нь Бээжингээс ирсэн нэг хүнийг бас тусгаарлаад шинжилгээ хийж, хариугаа хүлээж байна. Тусгаарласан хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Томуугийн вирус илэрсэн иргэдийг эмчлээд эмнэлгээс гаргаж байна" гэлээ.


ХӨСҮТ-ийн дэргэдэх Томуугийн үндэсний төвөөс гаргасан тандалт судалгааны дүнгээс харахад 2019 оны эцсийн байдлаар томуугийн В хүрээний вирус зонхилж байсан бол он гараад А хүрээний H3N2 вирус зонхилж эхэлсэн байна. Энэхүү улирлын томуугийн вирус нь уушгины хатгалгаа үүсгэхээс гадна хүндрэл нь нас баралтад хүргэдэг аж.