Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирусийн халдварын тоо SARS-ийн халдварын тооноос илүү гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос өгсөн мэдээллээр Ухань хотоос гаралтай шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 5,974 хүрч, 2003 онд гарч байсан SARS-ийн халдварын тоог давжээ.

Сүүлийн нэг хоногийн дотор халдвар авсан 840 шинэ тохиолдол Хятадад бүртгэгдэж, амиа алдсан хүмүүсийн нийт тоо 132 болсон байна.

SARS-ийн вирусийн тархалтын үед Хятадын эх газарт есөн сарын дотор 5,327 хүн халдвар авч, 349 хүн нас барж байсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо баримтад дурджээ.

 Амиа алдсан 132 тохиолдлын 125 нь Хубэй мужид, бусад долоо нь Хятадын бусад мужуудад байна. Хубэй мужид 3,300 орчим халдвартай хүн эмчлүүлж байгаа бол халдвар авсан байж болзошгүй 20,000 гаруй хүний биеийн байдлыг ажиглаж байгаа гэнэ.

 Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь өвчин эмгэгтэй 60-аас дээш насныхан байгааг албаныхан мэдээлжээ.

Хятадын амьсгалын замын халдварт өвчний эксперт Зон Наншань өчигдөр хэлэхдээ шинэ вирусийн тархалт долоогоос 10 хоногийн дотор оргилдоо хүрч, түүнээс цааш багасна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Харин Хонг Конгийн их сургуулийн эрдэмтэд коронавирусийн тархалт Хятадын таван том хот болох Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэнжэнь, Чончиньд дөрвөн сарын сүүл, тавдугаар сарын эхээр оргилдоо хүрнэ гэж тооцоолсон байна.

Төвдийн өөртөө засах мужид коронавирусийн халдвар тээж байж болзошгүй анхны сэжигтэн илэрчээ. Хэрвээ энэ нь батлагдвал Хятадын бүх муж, бүс нутагт шинэ вирусийн халдвар бүртгэгдэх юм.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.