Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрх Дорнодод энх тайван тогтоох төлөвлөгөөг Дональд Трамп танилцууллаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Ойрх Дорнодод энх тайван тогтоох төлөвлөгөөг Дональд Трамп танилцууллаа
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зэрэгцээ хоёр тусгаар улс байгуулах замаар Ойрх Дорнодод энх тайвныг тогтоох төлөвлөгөөгөө танилцууллаа.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзсаныхаа дараа хэлсэн үгэндээ Трамп шинэ төлөвлөгөөний дагуу Палестины тусгаар улсын газар нутаг одоогийнхоосоо бараг хоёр дахин нэмэгдэж байгаа гэжээ.

Төлөвлөгөө ёсоор Йордан голын баруун эргийг Палестинчуудад өгөх ч энд бас Израйлийн суурьшлын бүсийг зөвшөөрөх ёстой гэнэ.

Үүнээс гадна Иерусалем хотыг бүхлээр нь Израйлийн нийслэл болгох тухай заасан ч тус хотын зүүн хагасын тодорхой хэсэгт Палестины шинэ улс өөрийн нийслэлийг байгуулах боломжтой гэжээ.

Палестины тусгаар улс байгуулагдах үйл явцыг дуустал буюу дөрвөн жилийн хугацаанд Израйль улс жүүд иргэдийг Палестины газар нутагт нэмж суурьшуулах ажлаа зогсоох ёстой гэнэ.

Ингэснээр ирээдүйн Палестин улс Газын зурвас, Иордан голын баруун эрэг гэсэн хоёр салангид газар нутагтай болж байгаа ба тэдгээрийг туннель болон агаарын замаар холбох боломжтойг төлөвлөгөөнд заажээ.

Трамп шинэ төлөвлөгөөгөө “зууны тохиролцоо” гэж магтсан юм. Төлөвлөгөөг Израйлийн тал таатай хүлээн авч байгаа бол Палестины эрх баригчид хүчтэй эсэргүүцэж байна. Өчигдөр Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас шуурхай хурал зохион байгуулж, АНУ-ын шинэ төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Тэрээр Трампын төлөвлөгөөнд мянган удаа үгүй гэж хэлэхээ мэдэгдээд “түүхийн хогийн саванд хаягдах зүйл” гэж шүүмжилсэн байна.

Газын зурваст үйл ажиллагаагаа явуулдаг Палестины исламист хөдөлгөөн Хамасын удирдагчид мөн Трампын төлөвлөгөөг хүлээж авах боломжгүйгээ мэдэгджээ.

Олон улсын хамтын нийгэмлэг Палестин, Израйль хоёр улс зэрэгцэн орших нь Ойрх Дорнодод энх тайван байдал тогтоох гол шийдэл гэж үзсээр ирсэн байдаг.

Трампын засаг захиргаа хоёр улс байгуулах шийдлийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бол шинэ төлөвлөгөөндөө анх удаа тусгажээ. 1967 оны Араб-Израйлийн дайны дараа Израйль улс палестинчуудын нутаг болох Иордан голын баруун эргийг эзлэн авч, жүүд иргэдийг суурьшуулах болсон юм.

Палестины засаг захиргаа баруун эрэгт Израйлийн суурингууд байхыг огт хүлээн зөвшөөрөхгүй, бас Иерусалем хотын зүүн хагасыг өөрийн ирээдүйн нийслэл болох ёстой гэж үздэг юм.

Израйлийн ерөнхий сайд Цагаан ордонд хэлсэн үгэндээ Трампын төлөвлөгөөг магтан сайшааж, ирэх долоо хоногт өөрийн засгийн газраар дэмжүүлэхээ амлажээ. Тэрээр өнөөдөр ОХУ-д айлчилж, шинэ төлөвлөгөөний талаар ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулах гэнэ.

Дональд Трамп энх тайвныг сонгохыг Палестинчуудад уриалж, тусгаар улс байгуулахад нь туслахаар $50 тэрбумын хөрөнгө оруулалтын багцаа санал болгожээ.

 

Эх сурвалж: Associated Press