Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Засгийн газар хүнсний зах, импорт, хилээ хаагаагүй тул нийлүүлэлт тасалдах ёсгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ үед олон нийтийг үймүүлсэн сөрөг мэдээлэл сошиалаар тарах болов. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж иргэдийг “айдаст” автуулаад байгаа билээ. Тэгвэл энэ асуудалд Засгийн газрыг зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригоос тодрууллаа.  

-Засгийн газраас дунд сургуулийн хичээлийг онлайнаар, телевизээр заах шийдвэр гаргасан. Хэзээнээс хэдэн телевизээр, ямар цагийн хуваарийн дагуу заах вэ? 

-Өмчлөлийн хэлбэр үл харгалзан гуравдугаар сарын 2-ныг хүртэл ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг  хязгаарласан.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас БСШУ-ны сайд Ё.Баатарбилэгт тусгайлан үүрэг өгсөн. Энэ дагуу телевиз, интернэт, сонин хэвлэлээр дамжуулан хичээл заах ажлын бэлтгэлийг тус яамнаас бүрэн хангасан. Маргааш буюу нэгдүгээр сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үүний дараа Ё.Баатарбилэг сайд олон нийтэд мэдээлэл өгнө.  

Нийгмийн хариуцлагын хүрээнд онлайнаар, контент хэлбэрээр сурагчдад хичээл заах ажилд одоогийн байдлаар 10 телевиз хамтарч ажиллахаа илэрхийлээд байна. МҮОНРТ-д тусгайлан тайз засч, тэнд бэлтгэсэн тв хичээлийг  төрөл, төрлөөр нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах ажлын бэлтгэлийг хангаад ажиллаж байна

Мөн орон нутагт интернэтийн хүрэлцээ дутмаг байдаг учраас хэвлэмэл материал буюу сониноор дамжуулан монгол хэл, уран зохиолын хичээлийг сурагчдад хүргэхээр бэлтгэлээ ажлаа хангаад байна. 

-ТВ хичээлийг ямар багш заах вэ? 

-Мэдээж мэргэжлийн багш нар ажиллана. Хоёрдугаар сард багш нарыг цалинтай амраана. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн багш нарыг яах вэ, цалинг  нь өгөх үү гэж асууж байсан. Боловсролын хувийн байгууллагуудад улсаас хувьсах зардал өгдөг.

Мөн дээр нь сургууль, цэцэрлэг гэлтгүй их, дээд сургууль, сургалтын төвүүд төлбөрөө бөөнд нь авчихсан байдаг. Тиймээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд багш нартаа цалинг нь өгөх бүрэн боломжтой гэж харж байгаа. Энэ асуудалд ХНХ-ын сайд С.Чинзориг ажиллаж байгаа. 

-Гуравдугаар сарын 2-ноос хойш амралтын өдөр хичээллэж каринтитай байх хугацааны хичээлийг нөхнө гэж байсан?

-Сурагчдын хаврын шалгалт оройтох, хэт шахуу хичээллэх, УИХ-ын сонгуультай давхцах зэрэг эрсдлийг аль болох шинжлэх ухааны үндэслэлтэй тооцож байгаа. Зөвхөн гуравдугаар сард Бямба гарагт хичээллэнэ. Гуравдугаар улирлын амралт 14 хоног байсныг 7 хоног болгох зэрэг зохицуулалт хийнэ.     

-Зах, худалдааны төвүүдээр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний эрэлт их байна. Иргэд хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцөлж байгаа тухай мэдээлэл сошиалаар яваад байгаа. Үнэхээр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн нөөцлөх шаардлага байна уу. Үүн дээр Засгийн газраас хэрхэн анхаарч байна вэ?

Энэ асуудалтай холбоотой зургууд олон нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Бид өөрсдөө ч томоохон худалдааны төвүүдээр явж үзсэн. Ингэхэд гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны лангуу хоосорсон байгаа нь харагдсан. 

Энэ бол зохиомол хомсдол юм. Засгийн газар, нийслэлийн зүгээс зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй. Тэгэхээр хомсдол үүсэх, нийлүүлэлт тасалдах ямар ч үндэслэл байхгүй. Иргэд нийгмийн сүлжээн дэх буруу ташаа мэдээллийн улмаас зохиомол айдаст автаад байх шиг байна. Тиймээс бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өдөр бүр үнэн, бодит мэдээллийг хүргэж ажиллаж байна. 

Иргэдэд хандан зохиомол хомсдол үүсгэх, санхүүгийн эрсдэл дагуулах алхам бүү хийгээч гэж хэлье. Мөн бусдыг ташаа мэдээлэлд бүү уриал. Хэрэв элдэв санаа зорилгоор хууль бус үйлдэл хийвэл хуулийн байгууллагад шалгуулж, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахыг хэлэх нь зүйтэй болов уу. 

-Үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэрхэн хязгаарлаж байгаа вэ?

-Кино, үзвэр, үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг бүгдийг нь хязгаарласан. Тухайлбал, кино үзвэрт 18 хүртэл насны хүүхдийг оруулахгүй байх асуудлыг Засгийн газрын хуралдаанаас хотын даргад үүрэг болгосон. Тиймээс үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар 18 хүртэл насны хүүхдээ дагуулж явахгүй байхыг эцэг, эхчүүлэд уриалж байна. 

Харин эрүүл мэнд, спортын заалнуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй. 

-Амны хаалт, ариутгалын бодисын эрэлт их байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц, үйлдвэрлэл ямар байгаа вэ?

-Эмийн сангуудаар амны хаалт, эм тариа тасалдахгүй байлгахын төлөө Эрүүл мэндийн яам 24 цагаар ажиллаж байна. Эрэлт их байгаатай холбоотойгоор амны хаалт олдохгүй байна гэдэг мэдээлэл ирж байгаа.  Амны хаалт үйдвэрлэдэг дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмж ажиллаж байгаа. Бусад нийлүүлэлтүүд ч хэвийн байдалтай байна. 

-Хүнсний өргөн хэрэглээний бараа, эм, эмнэлгийн хэрэгсэлд зохиомол хомсдол үүсгэн, үнийг нь нэмж худалдаалж байгаа иргэн, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох вэ? 

Зохиомол хомсдол үүсгэхгүй, монополь байдлаа ашиглахгүй байх зэрэгт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хяналт тавьж ажиллана. Гол нь иргэд өөрсдөө зохиомол хомсдол үүсгэхгүйгээр худалдан авалтад болгоомжтой хандах хэрэгтэй.

-Коронавирус анх дэгдсэн БНХАУ-ын Ухань хотод манай улсын 31 иргэн байгаа. Тэднийг эх оронд нь авчрах хүсэлтийг хятадын талд тавьсан. Уг хүсэлтийг хариу ирсэн үү?

-Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар хятадын талд ноот бичгээ хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 улс иргэдээ татаж авах асуудлаар БНХАУ-д хандаад байгаа юм байна. Гэхдээ аль ч улс иргэдээ татаж аваагүй байгаа. 

Хятадын тал манай улсын 31 иргэнд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийсний үндсэн дээр буцаах эсэхэд хариулт өгнө. МИАТ компани тусгай үүргийн онгоцоо бэлэн байдалд байлгаж байна. Мөн хууль хяналт, эрүүл мэндийн байгууллагынхан онцгой бүс рүү явах гэж байгаа учраас бэлтгэлээ базаасан.

Хятадын Засгийн газраас манайд хариу өгмөгц цаг алдалгүйгээр иргэдээ татаж авахад бэлэн болсон. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.