Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жаргалсайхан: Н.Номтойбаяр гишүүний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УЕП-оос УИХ-д хүргүүлсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан билээ. 

Уг асуудлаар УЕП Б.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлага байсан уу? 

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын задалсан мэдээллүүдийн талаар мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа учраас дахин мэдээлэл задруулахгүйн тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа. Н.Номтойбаяр гишүүнийг гэм буруутайг хэн ч тодорхойлоогүй. Үүнийг зөвхөн шүүх тогтооно. 

Харин өнөөдөр нотлох баримтын хүрээнд яллах, цагаатгах нотлох баримт л цуглаж байна. Зөвхөн яллах талын нотлох баримт цуглаж байна гэж үзэж болохгүй. 

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй бол тухайн хэргийг шалгахад ямар саад учрах вэ?

-Тодорхой задалсан нотлох баримтын хэмжээнд нотлох баримт үгүйсгэгдэх, зарим нэг шалгах шаардлагатай зүйл устаж үгүй болох эрсдэл байж болох талтай. 

-УЕП-оос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулж ирэхдээ мэдээлэлгүй, гишүүдийн ирц бүрэн биш байхад оруулж ирлээ гэх зүйлийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга хэлж байсан. Өмнө нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэхдээ Их хуралтай мэдээлэл солилцдог зүйл байсан уу? 

-УИХ-ын тухай хуульд Их хурлын чөлөөт цагт, чуулган хуралдаж байх гэсэн хоёр тохиолдолд шаардлагатай бол энэ асуудлыг оруулж ирнэ гэж заасан.

Би аль нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхээсээ өмнө гишүүдийн ирц бүрэн байна уу, үгүй юу гэдгийг УИХ-ын даргаас асуух нь парламентын үйл ажиллагаанд нөлөө үзүүлсэн үйлдэл болно. Өмнө нь тийм жишээ байгаагүй. Одоо ч тийм боломж байхгүй.