Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өөх соруулах хагалгаанаас үүдэн нас барсан эмэгтэйн хэргийн шүүх хурал хойшиллоо

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өөх соруулах мэс заслаас үүдэн 29 настай эмэгтэй амь насаа алдсан хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилжээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн 12:00 цагт товлогдсон байсан.

Гэсэн ч шүүгдэгч Д.Тодномбатын өмгөөлөгч Э.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагт товлосон байна.

Хэргийн талаар эргэн сануулбал, талийгаач өнгөрсөн оны дөрөвдүгээр сард "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байх үеэр хүндрэл үүсэж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн ч амиа алдсан байдаг. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс тус эмнэлгийн захирлыг энэ хэрэгт холбогдуулж шалгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Хуулийн заалт:

10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.