Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийг тойрсон худал, үнэн мэдээллүүд

Х.Алтанзагас, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-д дэгдээд байгаа короновирусийн шинэ төрлийн вирусийн талаар олон нийтийн сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй мэдээллүүд гарч байна.

Тухайлбал:

  1. Коронавирусийн халдвар манай улсад ороод ирсэн.
  2. Сурагчдад зориулсан цахим хичээлийг зааж эхэллээ.
  3. Оношлуур байхгүй юм чинь коронавирусийн халдварыг мэдэхгүй байна.
  4. Амны хаалт, ариутгагч бодис, спиртний үнэ нэмэгдэж, тасарсан.
  5. Монгол-Хятадын хилийн боомтууд хаагдсан.
  6. Хорио цээрийн дэглэм тогтоохоор хүнс ховордоно. Хүнсээ цуглуулж авцгаая гэх мэдээллүүд хөвөрсөөр байна.
  7. Архангай аймагт коронавирсийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Коронавирусийн тархалтын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны эмч, мэргэжилтнүүдийн мэдээлэл бодит болохыг тус яамнаас зөвлөлөө.

Ингээд ЭМЯ-ны мэргэжилтнүүдийн өнөөдөр 11:00 цагт өгсөн мэдээллээс болон бусад холбогдох албаны эх сурвалжуудаас олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээллийн үнэн, худлыг тодрууллаа.

1. "Коронавирусийн халдвар манай улсад ороод ирсэн" ХУДАЛ

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй".

 2. "Сурагчдад зориулсан цахим хичээлийг зааж эхэллээ" ХУДАЛ

БСШУСЯ "ЕБС-ийн сурагчдад зориулсан цахим болон теле хичээлийн хуваарийг боловсруулахаар ажиллаж байгаа. Албан ёсны мэдээллийг Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр зарлана.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиуд хичээл, даалгавраа өөрсдийн дотоод сүлжээгээр хариуцан явуулна.

3. "Оношлуур байхгүй юм чинь коронавирусийн халдварыг мэдэхгүй байна" ХУДАЛ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Монгол Улс вирусийн халдварын 21 үүсгэгчийг илрүүлдэг. Олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулж явдаг учир үндэсний лабораториуддаа эргэлзэх хэрэггүй".

4. "Амны хаалт, ариутгагч бодис, спиртний үнэ нэмэгдэж, тасарсан" ҮНЭН

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байгаа. Мөнхийн тун компани гэхэд хоногт 40,000 ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг. Монгол маск гэдэг компанид чанарын шаардлага хангасан маск бас 100,000 ширхэг байгаа гэх мэдээллийг манайд өгсөн. Зарим эмийн санд амны хаалтны дутагдал үүссэн байхыг үгүйсгэхгүй".

5. "Монгол-Хятадын хилийн боомтууд хаагдсан" ХУДАЛ

Авто тээврийн үндэсний төв "Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Бээжин хот, Дорноговь аймгийн Замын-Уүд сумаас БНХАУ-ын Хөх хот, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот, Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын Манжуур хот, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомт, Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен тосгон, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Халиут балгасын чиглэлд хорио цээрийн дэглэм дуусах хүртэл зорчигчдын тогтмол тээвэр болон тогтмол бус тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Харин ачаа тээвэр хэвийн үргэлжилж байгаа".

6. "Хорио цээрийн дэглэм тогтоохоор хүнс ховордоно. Хүнсээ цуглуулж авцгаая" ХУДАЛ

ХХААХҮЯ "ХХААЯ-наас хүнстэй холбоотой асуудлыг хариуцдаг. Харин Онцгой байдлын газраас Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед нөөц гаргадаг байгаа".

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны төгсгөлд танилцуулсан судалгаагаар Монгол Улсын хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.7 хувь, төмсөөр 98.3 хувь, гурилаар 99.3 хувь, хүнсний ногоогоор 53.5 хувийг хангадаг байна.

7. "Архангай аймагт коронавирсийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн" ХУДАЛ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд "Энэ сарын эхээр Хонг Конгт зорчоод ирсэн иргэн улирлын томуугаар өвчилсөн" гэв.

С.М.Немойн нэрэмжит Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан мэдээлэлд:

Архангай аймагт Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэж, хүн нас барлаа гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл болно. Одоогоор манай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Та бүхэн мэдээлэл түгээхдээ нягталж, албаны баттай эх сурвалжаас авч байхыг анхааруулж байна.

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

  1. Гараа сайн савандаж угаах
  2. Амны хаалт зүүж хэвших
  3. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гурван зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна.

Статистик: 2020.01.27-ны өдрийн нөхцөл байдал

ДЭМБ-ын мэдээлснээр өвчилсөн хүний тоо 2,796 болж, нас барсан хүний тоо 80 болсон.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээгээр:

461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан. Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн  голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.